2013-07-02 | Нийтэлсэн:admin | Үзсэн:9259
Нэгэн өдөр Төгс гэгээрэгчийг Жетавана дахь Анандапиндика цэцэрдэгт хүрээлэнд байх үед нь тэнгэрийн орны нэгэн төрөлтөн цав цагаан өмсгөлтэй гэгээрсэн Бярманы дүрээр хүрэлцэн иржээ.
Тэнгэр төрөлтөн ийн хэмээн асуув:
Хамгийн хурц илд юу вэ?
Хамгийн хөнөөлт хор юу вэ?
Хамгийн илчит гал юу вэ?
Хамгийн харанхуй шөнө юу вэ? гэсэнд
Төгс гэгээрэгч ийн хэмээн хариулав:
Хамгийн хурц илд нь уур хорслоор хэлсэн үг
Хамгийн хөнөөлт хор нь шунахай сэтгэл
Хамгийн их илчит гал нь үзэн ядалт
Хамгийн харанхуй шөнө нь мунхаглал
Тэнгэр төрөлтөн ийн хэмээн асуув:
Хамгийн их олз ашиг юу вэ?
Хамгийн их гарз юу вэ?
Хамгийн бат бөх хуяг юу вэ?
Хамгийн шилдэг зэвсэг юу вэ? гэсэнд
Төгс гэгээрэгч ийн хэмээн хариулав:
Хамгийн их олз ашиг нь бусдад өгөх
Хамгийн их гарз нь ачийг бодолгүй шунаг сэтгэлээр хүлээн авах
Хамгийн бат бөх хуяг нь тэвчээр хүлцэл
Хамгийн шилдэг зэвсэг нь билиг билгүүн
Тэнгэр төрөлтөн ийн хэмээн асуув:
Хамгийн аюултай хулгайч хэн бэ?
Хамгийн үнэ цэнтэй эрдэнэ юу вэ?
Дээд тэнгэрийн орон, газар дэлхийг юу барьж авч чадах вэ?
Халдашгүй найдвартай хамгаалагдсан эрдэнэ мэт олз нь юу вэ? гэсэнд
Төгс гэгээрэгч ийн хэмээн хариулав:
Хамгийн аюултай хулгайч нь эрүүл бус бодол
Хамгийн дээд эрдэнэ нь буян
Дээд тэнгэрийн орон хийгээд газар дэлхийг сэтгэлийн нүдээр барьж болно
Дахин төрөхөөс гэтлэх нь халдашгүй хамгаалагдсан эрдэнэ мэт олз
Тэнгэр төрөлтөн ийн хэмээн асуув:
Гоо үзэсгэлэн гэж юу вэ?
Жигшил зэвүүцэл гэж юу вэ?
Хамгийн аймшигтай зовлон шаналал юу вэ?
Хамгийн дээд баяр таашаал юу вэ? гэсэнд
Төгс гэгээрэгч ийн хэмээн хариулав:
Бүхэл бүтэн байдал бол гоо үзэсгэлэн
Эрүүл бус байдалд автах нь жигшил зэвүүцэл
Ичих эмээх сэтгэлгүй жудаггүй байх нь хамгийн их тарчлаа шаналгаа
Сэрж сэхээрэх нь дээдийн баяр жаргалан
Тэнгэр төрөлтөн ийн хэмээн асуув:
Дэлхий ертөнцийг сөнөөх шалтгаан юу вэ?
Нөхөрлөлийг юу таслах вэ?
Хамгийн хүндээр халуурах нь юу вэ?
Хамгийн сайн эмч нь хэн бэ? гэсэнд
Төгс гэгээрэгч ийн хэмээн хариулав:
Дэлхий ертөнцийн сөнөх нь мунхагаас шалтгаална
Амин хувиа хичээсэн үзэл, атаа жөтөө нь нөхөрлөлийг сүйтгэнэ
Үзэн ядалт нь хамгийн их халуурал
Хамгийн шилдэг эмч нь Төгс гэгээрсэн нэгэн
Тэнгэр төрөлтөн мөн л ийн хэмээн асуув:
Одоо надад учрийг нь олж.эргэлзээ тайлах нэг л зүйл үлдлээ
Галаар шатааж болдоггүй
Ус чийгээр зэврээж болдоггүй
Салхи шуургаар эвдэн нурааж болдоггүй
Гэвч бүх ертөнцийг гэгээрүүлэх чадалтай тэр юу вэ? хэмээсэнд
Төгс гэгээрэгч ийн хэмээн хариулав:
Буян хишгийн адислал болно
Буянт сайн үйлсийн болоод
Хамаг ертөнцийг гэгээрүүлэх адистадыг
Гал, ус, салхи шуургийн нь ч устгаж чадахгүй
Эдгээр хариултыг сонсоод тэнгэр төрөлтөн баяр баясалд автав. Тэгээд хоёр алгаа хавсарч Ялж төгс нөхцсөний өмнө хүндэтгэлтэйгээр бөхийн ёслосны сүүлд гэнэт үзэгдэхгүй болж одов.
ЗочинJuly 9, 2013
Сайхан сургаал байна шүү.
ЗочинAugust 1, 2013
Bayarllaa niitelsend Mon БУРХАН БАГШД