2012-01-04 | Нийтэлсэн:admin | Үзсэн:7107
Бидний бурхан багш хэмээн хүндэлдэг Будда Шагжамуни нь анх дээд бодь сэтгэлийг үүсгэн, түүнээс тоолшгүй 3 галавт билгийн чуулган, буяны чуулганыг хураан, эцэст нь төгс гэгээрэв. Тэрээр номлолоо 3 шатлалтайгаар айлдан, амьтдад тасралтгүй туслан зохиов. Бурхан багшийн нэг насных нь амьдралд олон үйл явдал болсон ч томоохон үйл явдлуудыг нь хураавал 12 болно
Эдгээр нь:
1.Гандан нэрт тэнгэрийн орноос замбуу тивд заларсан зохиол нь:
Бурхан багш Гандан тэнгэрийн оронд Дуггарбу нэрт тэнгэрийн хүү, дээдсийн төрөл аван Ганданд тэнгэрийн олон нөхөддөө ном айлдан амьдардаг байв. Замбуу тивийн нисванис, зовлонгоор энэлсэн амьтдад ном айлдан номоор сэтгэлийг нь номхотгох цаг болоход урьдны ерөөлийн хүчээр уянгат хөгжмийн дуунууд өөрсдөө эгшиглэв. Тэрээр нөхдүүддээ “Би гэгээрэхийн төлөө явна” хэмээн айлдсанд, тэнгэрийн нөхдүүд сонссон даруйд ихээр шаналан гашуудаж, Бодьсадвын 2 хөлнөөс зүүгдэн дээд төрөлт таныг байхгүй бол Гандангийн энэ орон маань үзэсгэлэнгүй болно. Багшид шүтвэл тохирох өөр хэн байна? хэмээн айлтгаад: Та нар бүү зовогтун! Бодьсадва Майдар та нарт дээдийн номыг заах болно хэмээн Бурхан багш айлдаад өөрийн малгай, титмээ Майдарын тэргүүнд өмсүүлэн дээд төрөлхтөн та миний оронд Гандангийн оронд ном заан, түүний дараа замбуу тивд илт төгсгөсөн бурханы хутаг, гэгээрлийг олох болно хэмээн бошго үзүүлэв. Майдарыг Ганданд ном заах бурханы орлогчоор тавин өөрөө замбуу тивд егүүтгэн зохиов.
1 сарын шинийн 15-нд тэнгэрийн орноос буун цагаан зааны дүрээр эх Жүтүлма-ын хэвлийд олон сайхан өлзийт буяны тэмдэгтэй оршив.
Эхийн хэвлийд 10 сар оршин 4 сарын шинийн 15-нд Лүмбини цэцэрлэгт эхийнхээ баруун хавирга суганы завсраас эхдээ зовиургүйгээр хувцастайгаа төрөв. Төрсөн даруйд зүг бүрт долоо долоо алхан “Энэ ертөнцөд дээд нь би” хэмээн айлдав. Алхам бүрээс лянхуа цэцэг урган гарсан гэх мэт гайхамшигт олон үзэгдэл гарсанд Шүддона хаан энэ хүү амьтны бүх тусыг аяндаа бүтээх болно хэмээн алдрыг Донгүндүвба (бүх тусыг бүтээгч) гэж хайрлав.
Ханхүү өсч том болон бичиг үсэгт суралцан мэргэшээд, нум харвах, усанд сэлэлт, үсрэлт гэх мэт 64 урлагийг эзэмшив. Урлагийн төрөлд хэнтэй ч харьцуулашгүй чадварлаг болов.
Ертөнцийн явдалд тохируулахын тулд Сацума, Дагзинма, Ридагжэйма тэргүүтэн 60 мянган хатантай 29 нас хүртлээ ордонд амьдран хаан төрлийн үйлийг зохиов.
29 сүүдэртэйдээ нэгэн өдөр цэцэрлэгийг үзэхээр явахдаа Сэржа хотын 4 талд өтөлсөн, өвдсөн, үхсэн, ариун явдалт хүнийг харан орчлонгийн үйл нь шимгүй юм байна гэж бодон хаан эцэгтээ тойн болгохыг айлтгасанд эс зөвшөөрөв.
Цэргүүд тойрон хамгаалсан ч тэр шөнөдөө хатан Дагзинма-гын хэвлийд агь Рахулаг адислан, цавьдар морио хөлөглөн машид ариун суварганд очин, үсээ өөрөө авч тэнгэрийн өргөсөн улбар шар хувцсыг өмсөн тойн болон зохиов.
Түүнээс Бодьсадва гэргийтэн байхаа больж гэрээ орхин тойн болсон тэр цаг үед Энэтхэгт ихэд дэлгэрсэн хоол ундыг тэвчих гэх мэт биеийн хатуужлыг эдлэн орчлонгоос ангижрах хүсэл нь биелсэн ч зовлонгоос ангижран нирвааныг олж чадахгүйг болгоон Нираанзана голын эрэгт 6 жил идээ ундааг таслан хатуужлыг эдлэв.
Түүнээс Бодьсадва Бодигаяад залрах үедээ зарж буй өвснөөс авч дэвсгэр болгон дэвсээд бодь модыг 7 удаа тойрон гороолов. Арслант суудал дээр өвсний үзүүрүүдийг дотогш харуулан дэвсэн дээр нь суугаад “Энэ дэвсгэр дээр миний бие хатсан ч хатаг, арьс мах маань ялзарсан ч ялзраг, олоход бэрх гэгээрлийг олтлоо энэ дэвсгэрээс биеэ хөдөлгөхгүй” гэж өөртөө тангараг тавив.
Түүнээс нүгэлт шулмасууд 32 янзын муу зүүдээр тэвчээр алдагдуулмаар айлган цочооно. 4 аймгийн шулмасууд бодоход л клап хаагдмаар тийм аймаар дүрд хувиран зуу, мянгаараа нийлэн айлгасан ч харвасан мэс нь гүн бясалгалаас сэтгэлийг нь хөдөлгөж чадаагүй учир харвасан мэс нь цэцэгс болон хувирч газар шороо, бодь модыг улам ч чимэн үзэмж нэмэв. Бодьсадва шулмасын аймгуудыг асрах сэтгэлийн самадиар номхотгон зохиов.
35 сүүдэртэйдээ 4 сарын шинийн 15-ны үүрээр харьцуулашгүй, үнэхээр төгсгөсөн гэгээрлийг олов.
Бодьсадва 35 настайдаа гэгээрэн 80 насыг хүртлээ номлолоо 3 шатлалтайгаар их бага хөлгөний номлолыг голлон айлдаж тэнгэр, хүн мэтийн тооноосоо хэтэрсэн олон амьтныг боловсруулан зовлонгоос нь ангижруулав.
Ерөнхийдөө бурхан нь 4 шулмасыг дарсан учир түүнд үхэл гэж байхгүй ч үргэлж мөнхийн юм шиг боддог амьтдын тэр үзлийг арилгаж, буянд шамдуулахын тулд юм. 81 насандаа 4 сарын шинийн 15-нд Кушинагар хотод нирваан дүрийг үзүүлэн зохиов.
Бурхан багшийн намтар, үйл явдлууд үүгээр хязгаарлагдахгүй, хураангуй төдий юм. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл бурханч лам Пүрэвбатын гаргасан “Шагжаан чадагч бурханы их намтар” гэдэг номон дээр байгаа. Унших тусам сонирхолтой, сүжиг төрмөөр. Нийтэлсэн Мярайгомбо