2014-01-18 | Нийтэлсэн:admin | Үзсэн:11751
Бүтсэн бүгд эвдэрдэг нь хорвоогийн мөнх бус чанар
Бүтэж эргэн буй болдог нь орчлонгийн мөнх чанар
Задрал гэдэг төвөөс зугтах мөнх бус чанар
Нэгдэл харин төвд тэмүүлэх мөнх чанар
Үхэл бол амьдралын адаг
Амьдрал гэдэг үхлийн эхлэл
Үхэл, амьдрал сүнсний оршихуйн хоёр хэлбэр
Үхнэ гэдэг сүнс биеээс гарахын шалтгаан
Төрнө гэдэг сүнс биед орсоны үр дагавар
Үхэх, төрөх амьдралын хоёр оршихуй
Үхэл гэдэг мөнх бусын ухаарал
Амьдрал бол мөнх байхын хүсэл
Үхэл, амьдралын үргэлжлэх хугацаа
Амьсгал авах, гаргах төдий агшин
Амьсгал авч байхдаа бид амьдарч байдаг
Амьсгал гаргаж байхдаа харин үхэж байдаг
Үнэндээ тэдний хооронд агшин үгүй
Үхэл, амьдрал хоёр зэрэгцэн оршиж байдаг
Тэд бие биедээ хувирч байдаг
Өөр хоорондоо нөхцөлдөн оршиж байдаг
Тэдгээр нь арга, билигийн нэгдэл
Арга үгүйгээр билигийг ухаарахгүй
Билиг үгүйгээр аргыг танихгүй
Энэ хоёр шүтэн барилдана
Шүтэн барилдлага нь юмсын гадаад зүй тогтол
Харин түүний дотоод мөн чанар нь хоосон буюу
Үхэл, амьдралын мөн чанар хоосон аваас
Үхлээс юунд айх, амьдралд юунд тачъяадах
Ав адилхан хуурамч зүүдний
Алинд нь шунаж алийг нь ад үзэх
Амьсгал авахдаа амьдралыг ухаар
Амьсгал гаргахдаа үхлийг сана
Үхэл мөнх бусыг ухаараагүй цагт
Үйлийн үр, зовлонгийн шалтгаан
Хүсэл, шунал, уур мунхагийн нисванис
Хүлээс, хүрднээс ангижрах нь үгүй
Амьдрал мөнх бусын ухаарал нь
Өвдөх, өтлөх, үхэхийн зовлон
Өнө мөнх үргэлжлэх шалтгааныг таньж
Ариусал огооролын сэтгэлийг үүсгэх ач буян нь хэмжээлшгүй их хэмээх...
Ө.Батболд