2014-04-17 | Нийтэлсэн:purevsukh | Үзсэн:6462
Буяны садан багш: "Зовлонг нирвааны арга замд хувиргах бэсрэг нэгэн увдис байвал сайнсан" хэмээсэн юм. Угаас бурханы шавь нар бидний хувьд нэгэнт баталчихсан номыг л бясалган бүтээвээс зохих авч буяны садан багшийн зарлигийг үл биелүүлэхээс цээрлэж товчхон нэгэн зүйл өчсүгэй.
Зовлон зүдгүүрийг тонилохуйн мөрд шингээхийг хоёр зүйл хэмээн ухан ойлгох нь зүйтэй. Эдгээр нь зовлонд таагүйцэх хандлагаа няцаахуй, зовлонг бурхан болох мөрд эерүүлэн авахуй зэрэг болно.
Зовлонгоос айж хулчийх тусам сэтгэл таагүйтэж улам бүр шаналгаатай болно. Ийм байдлаас сэтгэлийг хямраадаг уур унтууцал арвидсаар хойшлох тусмаа анхны байдалтай харьцуулах аргагүй их шаналал зовлон нөмрөн авдаг. Тиймээс, оюунлаг мэргэн хүмүүс та нар "Зовлонг үл тэсвэрлэн бууж өгөх бодлыг огт төрүүлэхгүй шүү" хэмээж чин зоригийг бий болгохын тулд нэг биш учир шалтгаанаар ухаарлыг байн байн үүсгэж байвал зохино. Хэрэв зоригтой бол ямар ч хүнд хэцүү зовлонд шаналан зовохгүй (ажрахгүй). Харин зориг дутан хулчийвал дэмий л баахан зовох болдог. Үлгэрлэн хэлбэл, баатар зоригтон хүн шархадаад цусаа үзвээс зориг нь батжаад улам бүр шийдмэг болдог бол хулчгар хүмүүн бусдын шарнаас гарсан цусыг хараад муужран унадаг.
Зовлонг бурхан болох мөрд эерүүлэн авахуйд өөрөөс хамаарч мөрд авахуй, бусдад хандаж мөрд авахуй зэрэг хоёр зүйл буй. Тийнхүү сэтгэлийн их тэнхээг үүсгээд ийнхүү зовлон тохиолдох аваас "Энэ нь ангид сайтар эргэцүүлэн бодох билигийн хүчийг эзэмшсэн хүнд эрдмийг нь улам бүр үүсгэгч болдог тул харин ч баярлууштай зүйл мөн:
1. Зовлонт сансраас жигшин нүүр буруулах
2. Авралт дээд чухагуудад чин сүсэг батжих
3. Бардам занг арилгах
4. Буртагт хилэнцийг цээрлэх
5. Буянд дурлах
6. Бусдыг өрөвдөн энэрэх шалтгаан болно.
Нэг: "Үйл нисваанисын эрхээр орчлонд хэдий хүртэл тэнэнэ, миний энэ зовлон юмуу үүн шиг зовлонд тэр хүртэл нэрвэгдэх л жамтай. Тиймээс чухал авдаг цогцсонд (зовлого) төрөл авахуй чухам амирласан нирвааныг олсугай би. Сансарт тэнэж яваа цагт олон зовлонд хөнөөгдөх нь угаас зохисгүй юм тохиолдож буй бус ерөөс хорвоогийн авир ёсон мөн" хэмээн бодно уу.
Хоёр: "Нижгээд хошоод төдий бус хөл ёроолгүй хөвөө хязгааргүй их сансрын аюул зовлон дунд зүдрэн тэнээд ийм аюул зовлонд автах цагт аврагч нь гагцхүү хуурмаггүй үнэн чухаг дээд гурав л буй учир төрөл тутамдаа, юу ч тохиосон чухаг дээд гурвыг үл орхисугай" хэмээн ухаараад итгэлд хичээмүй.
Гурав: "Өөрөөрөө омогших бардамнал, түүгээр үүсгэгдэн бусдыг басамжлах дээрэнгүй үзэл нь олон буяныг эвдэх дайсан, олон гэмт үйлийн үнэдс мөн тул тоолж баршгүй олон хорлол зовлонгийн үүд мөн. Миний зовлон омогшил бардамналыг минь дарж ой гутам гэж ухааруулснаараа омгийг няцаагч мөн" хэмээн бодно уу.
Дөрөв: Гаслан шаналалыг зовлон зүдгүүр дагуулдаг. Үүнийг үл хүсэгч түүний шалтгаан болсон нүгэлийг цээрлэх хэрэгтэй хэмээн урьдын гэм уналдаа хандан дөрвөн хүчээр бат найдвартай арилгах, таслан зогсооход хичээнэ үү.
Тав: Зовлонгоос ангижирсан амар амгалан бол гагцхүү тустай сайн зүйл учир зовлон няцаагдсанаар гардаг жаргалд дуртай бол түүний шалтгаан болох буянд хичээсүгэй гэж ухаараад буян чуулганыг олон талаас нь хуримтлуулна уу.
Зургаа: Над лугаа адил бусад ч бас ийм юмуу үүнээс ч нэн хүндээр шаналан зовж байгаа хэмээн үзвээс тэд нар ч бас хамаг зовлонгоосоо ангижраасай хэмээж нигүүлсэх сэтгэл төрдөг.
Бусдад хандаж мөрд авахуй. Ер хамаг амьтан түүний дотроос зовлонгийн нөхцөл болдог хүмүүн, хүмүүн бус амьтныг эх болсон амьтан мөн гэж олонтаа бясалгаад "Амсаж буй миний энэ зовлонгоор хожим амсах хорлол бүхэн төлөгдөж тэд нарын хорлол дуусгуур болж миний амар амгалан, сайн сайхан бүхэн тэдэнд очиж, тэд нарын зовлон зүдгүүр муу муухай бүхэн надад ирэх болтугай" гэж өгөхүй авахуйг хуурмаг ч болтугай хичээнгүйлэн бясалгаад санаагаа ариусгах хэрэгтэй. Гүсали буюу даяанчийн чуулган хураах аргаар биеэ тоолж баршгүй олон хувилган төсөөлөөд амьтны аливаа хүссэн болгоныг хайр найргүй өгөх бясалгалыг өдөр тутам олон удаа үйлдэх хэрэгтэй. Түүнийхээ төгсгөлд гурван нөхөрийг өвөрчлөн чанаргүй үзлээр тамгалан агуу их ерөөлийг ер хамаг амьтан, ялангуяа хорлогч тэд нарын тусын тулд санааны мухраас зориулах нь чуамдаа сайшаалтай хэрэг тул үүнийг буяны үйлийнхээ гол болгож бусад бясалгал, тарни урихуйг тунгийн завсарт авч сөөлжүүлбээс сая сайтар ойлгосон хэрэг болох тул үүнийг болгооно уу. Тийн чадваас эгэл бусдад буянт сайн үйлийн нь харш нөхцөл болох зовлон ийм дээд хүмүүнд харин ч нөхөр болох тул муу нөхцлийг мөрд авч, муу ёрыг хишиглэн дууддаг болох тул шулмыг буяны саданд урвуулж чадсан хэрэг болно. Тиймээс чадлаа хүч чадлаа шавхан дайчилж зовлонг мөрд авахын төлөө хичээгээрэй. Хэсэг нижгээдийг авч чадмагцаа лам, ядам ялгалгүй дор залбирч буяныг саатуулагч бүднэрт балин өгч, дахиад үүн шиг юмуу, үүнээс ч ихээр хорло хэмээн нуттай бодож тэд нарт сэтгэл хямран уурлалгүй буяны нөхөрт үзээрэй. Эдгээрийг зовлонгийн хөнгөнөөс эхлэн анхааран авбаас хэзээ нэгтээ хүнд зовлонд ч дадна хэмээн айлдсан тул тийнхүү болгоогтун.
Үүнийг эш ухааны биелэл болсон Нялдонба Ринчэнсамдүв алс газраас дуртган хүссэн учир Лувсандагвий бал бээр байгуулав.
Орчуулсан: У.Пүрэвсүх