2012-06-05 | Нийтэлсэн:admin | Үзсэн:8146
Буддын их хөлгөн ёсны амин зүрх нь бодь сэтгэл юм. Бодь сэтгэлийг янагуухь, үнэмлэхүй гэж хоёр ангилдаг. Янагуухь бодь сэтгэл нь энэрэл нигүүлсэл бол үнэмлэхүй бодь сэтгэл нь хоосон чанарын билиг ажгуу.
Зугтах тусам үйлийн үрэндээ ороогдож, булзах тусам гуниг зовлондоо дөрлүүлдэг энэ амьдралыг өөрчлөх алтан жор – бодь сэтгэл гэдгийгэртний мэргэд нээжээ. Үйлийн үр, зовлон шаналлаас булзаарах хэрэггүй. Хаагдмал явцуу сэтгэлд л нүгэл нүглээрээ, зовлон зовлонгоороо үлддэг. Нээлттэй зүрх сэтгэлээр хүлээн авч, ажиглан бясалгах цагт нүгэл ч нүгэл биш, зовлон ч зовлон биш, арилсан сэтгэл, амирласан цэнгэл болон хувирах.
Эл нууцад нэвтэрвэл хорт жимс идээд өд сөд нь солонгорох тогос мэт хорвоогийн гашуун амьдралаас бурханы гэрэл бадраагч бодьсадва болно. Энэ бол хоосон цэцэрхэл биш, үе үеийн гэгээнтнүүдийн үйл амьдралаар нотолсон бодит үнэн. Туршаад үз, тэгээд итгэ! гэж Будда шавь нартаа хэлдэг байжээ.
Гурван эрдэнэд мөргөмү.
Ой шугуй дундуур тогос шувуу бядан гүйхүй эмт жимсний цэцэрлэг үзэсгэлэн гоо дуртавч хээмсэг тогосын сүрэг түүнд дурлахгүй. Учир нь тогос шувуун хүчит хорын шимээр тэжээгдэн, өд сөд нь өнгө засдаг юм.
Хорвоогийн жаргалыг хөөх тусмаа аймхай бэртэгчид зовлон шаналалд унадаг. Зовлон шаналлыг хүлээн авагч бодь сэтгэлтэн л баатрын суу залиар үргэлж сэтгэл амгалан явдаг.
Хүсэл тачаангуй ч хорын шугуйтай адил. Тогос шувуу мэт баатар сэтгэлтэн хүсэл тачаангуйн хорыг эм болгон эдэлдэг. Хон хэрээ мэт аймхай бэртэгчид түүнийг идвээс амиа алдах нь лавтай.
Нисванис бүхэн хорт жимс шиг. Нисванисын хорыг бодь сэтгэлтэн тогос амин шим болгон хувиргаж, хорвоогийн шугуйд дүүлэх тул нисванисыг зөнгөөр нь хүлээн аваад хор бүхнийг цуцалсугай...
Бие махбодод өвчин зовиур гарвал, амьтны бие махбодыг бэртээж явсан муу үйлийн мэсэн хүрд хариу эргэсэн нь тэр. Одоо өвчин зовиур бүхнийг өөртөө хүлээн авсугай...
Сэтгэл бүрхэж, зүрх шархирах аваас өрөөлийн зүрхийг шархлуулж явсан муу үйлийн мэсэн хүрд хариу эргэсэн нь тэр.Одоо бусдын зүрхэнд гомдлын үр бүү суулгасугай.
Ажил үйлс бүтэлгүйтэж, аз хийморь доройтох юм бол сайн үйлэнд садаа учруулсан муу үйлийн мэсэн хүрд хариу эргэсэн нь тэр. Одоо сайн үйлийн садаа болохыг цээрлэсүгэй...
Анд нөхдөдөө хаягдах аваас хүний мөсгүй авирлаж явсан муу үйлийн мэсэн хүрд хариу эргэсэн нь тэр. Одоо жудаг ёсыг эрхэмлэсүгэй.
Амраг садан дайсан болох аваас халуун элэгтэндээ хар санаж явсан муу үйлийн мэсэн хүрд хариу эргэсэн нь тэр. Одоо хар буруу санааг тэвчсүгэй.
Эрдэм номд оюун мөхөстөх аваас эрдмийг огоорч, эглийг хөөцөлдөж явсан муу үйлийн мэсэн хүрд хариу эргэсэн нь тэр. Одоо оюун баялгийг дээдэлсүгэй...
Өөдөлье гэвч уруудаад байх юм бол үйлийн үрийг басамжилж явсан муу үйлийн мэсэн хүрд хариу эргэсэн нь тэр. Одоо буян хураахад хичээсүгэй...
Гурван эрдэнэд залбирал хүрэхгүй бол Бурхан багшид сэтгэл итгэмжгүй явсан муу үйлийн мэсэн хүрд хариу эргэсэн нь тэр. Одоо гагцхүү гурван эрдэнийг шүтсүгэй...
Бясалгал үйлдэвч сэтгэл тогтохгүй бол бэртэгчин үзэл дотроо өвөрлөсөн муу үйлийн мэсэн хүрд хариу эргэсэн нь тэр. Одоо юу хийвч бусдын төлөө зорьсугай...
Сайныг үйлдэвч саарт урваж байвал ачийн хариуг хөсөрдүүлж явсан муу үйлийн мэсэн хүрд хариу эргэсэн нь тэр.Одоо ачлал журмыг оройдоо дээдэлсүгэй.
Өшил хяслын тохиол бүр нь илдэч хүмүүн өөрийнхөө илдэнд үхэх шиг муу үйлийн мэсэн хүрд хариу эргэсэн нь тэр. Одоо хилэнцэт үйлээс сэрэмжилсүгэй.
Уруу доройн унал бүр нь нум сумчин өөрийнхөө суманд үхэх шиг муу үйлийн мэсэн хүрд хариу эргэсэн нь тэр. Тиймээс сэтгэлийн бузраас сэрэмжилсүгэй...
Жинхэнэ дайсныг одоо би танилаа.Жигшүүрт хулгайчийг сая барилаа.Өөрийн дүрээр хууран мэхлэгч энэ бол би-г баримтлагч мөнөөс мөн. Одоо үйлийн мэсэн хүрд толгойд чинь эргэх болтугай!
Хилэнт эрлэг номын хаан минь үтэрхэн ирэгтүн! Орчлонгийн шугуйд өөрийн эрхгүй үйлийн мэсийг барин гүйлгэдэг би-г баримтлагч чөтгөрийг энэ агшинд сөнөөхөөр ирэгтүн, ирэгтүн! Арга, билгийн хос мэлмийгээ эргэлдүүлэн толил! Янагуух, үнэмлэхүйн хоёр хөлөөрөө дэвслэн дэвсэлж, дөрвөн хүчний соёогоороо талхлан талхлагтун!
“Хум, Хум” хэмээхүй хувилгаан хүчээ гаргаж, “За, За” хэмээхүй заналт дайсныг барьж, “Пад, Пад” хэмээхүй тонилгож хайрла! “Шиг, Шиг” хэмээхүй товроглож хайрла! Тамт орчлонгийн ёзоор, таван хорын тулам болсон үүнийг яг одоо мөхөөж соёрх! Яг энд сөхөөж хайрла!
Жаргалд ханадаггүй мөртлөө үрийг нь үл таригч, зовлонд тэсдэггүй мөртлөө үндсийг нь бөхлөгч бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч зүрхийг ниргэгтүн, ниргэгтүн!
Хүсч мөрөөдөх нь их ч бүтээлийн зүгт хойрго, үйл үйлдэх нь олон ч эцэст хүрсэн юмгүй бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч зүрхийг ниргэгтүн, ниргэгтүн!
Авахаа мэдэхээс өгөхөө мэддэггүй, хардахаа мэдэхээс хайрлахаа мэддэггүй бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч зүрхийг ниргэгтүн, ниргэгтүн!
Багш олон гээд ёсчилж шүтсэн нь үгүй, шавь олон гээд тусчилж тэтгэсэн нь үгүй бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч зүрхийг ниргэгтүн, ниргэгтүн!
Мэддэг нь өчүүхэн мөртлөө мэдэмхийрдэг нь их, амладаг нь олон мөртлөө хэрэгжүүлдэг нь цөөхөн бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч зүрхийг ниргэгтүн, ниргэгтүн!
Зардас олон гээд хүндлэх хүнгүй, ноён олон гээд түших өмөггүй бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч зүрхийг ниргэгтүн, ниргэгтүн!
Үзэл нь өндөр гэвч явдал нь нохойноос дор, эрдэм нь их гэвч дотор нь шулмаас ширүүн бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч зүрхийг ниргэгтүн, ниргэгтүн!
Ашиг хожоо болбол өвөр лүүгээ чихдэг, алдаа хохирол болбол өрөөл бусад руу түлхдэг бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч зүрхийг ниргэгтүн, ниргэгтүн!
Аглаг хийдэд суувч хуран үймээнд тэмүүлдэг, ариун номыг эрэвч мэргэ төлөгт дадлагаждаг бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч зүрхийг ниргэгтүн, ниргэгтүн!
Энхжинд хүрэх замаас буруулж, ээрэм цөлөөр тэнүүчилдэг, эрдэнэт хүний биеийг олчихоод эрлэг тамыг бүтээдэг бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч зүрхийг ниргэгтүн, ниргэгтүн!
Ариун номын бясалгалд баясахгүй, арилжаа наймаанд баясдаг, ачит багшийн өргөөг орхиод эгэл харчуулын үүдийг сахидаг бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч зүрхийг ниргэгтүн, ниргэгтүн!
Өөрийн эдийг харамлаад олны өмчийг хулгайлдаг, өөрийн идээг гамнаад бусдын хоол руу өнгөлздөг бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч зүрхийг ниргэгтүн, ниргэгтүн!
Бясалгал хийхэд мохдог авъяас нь бэлгэ төлгөнд хурц болдог, номын харгуйд тахир дутуу мөртлөө хорвоогийн зээл дээр хурдан хөлт бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч зүрхийг ниргэгтүн, ниргэгтүн!
Ачтаны сургаалд өширхөж уурлах атлаа бачтаны гохонд зүрхээ тавьж өгдөг бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч чөтгөрийг ниргэгтүн, ниргэгтүн!
Дотночилж нөхөрлөе гэхээр хуншгүй авираа гаргадаг, зөнд нь орхиё гэхээр хэрүүл цуугиан өдөөдөг бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч зүрхийг ниргэгтүн, ниргэгтүн!
Өнгө хээнцэрт бол унаж тусан гүйдэг, үнэн чанартныг болохоор гутаан доромжилдог бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч зүрхийг ниргэгтүн, ниргэгтүн!
Өөрийгөө дөвийлгөж, өрөөлийг гоочилдог, атаа жөтөөндөө баригдаж, шунал хорсолдоо шатсан бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч зүрхийг ниргэгтүн, ниргэгтүн!
Ичвэл таарах зүйл дээр эрээ цээргүй мөртлөө ичих учиргүй юманд ичингүйрч балайрдаг бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч зүрхийг ниргэгтүн, ниргэгтүн!
Хийвэл зохистой зүйлийг нэгээхэн ч хийхгүй мөртлөө хийх зохисгүй бүхнийг хийдлээ болгож явдаг бэртэгч сэтгэлийн толгойг хяргагтун, хяргагтун! Би-г баримтлагч чөтгөрийг алагтун, алагтун!
Аяа, үнэний цаглашгүй хүчийг эрхшээсэн Хилэнт номын хаан минь, би-үгүй үйлийн илд шийдмээ бэртэгчин чөтгөрийн толгой дээр гурвантаа эргүүлж буулгана уу. Их шидийн хүчээр дайсныг тонилгож хайрла! Их билгийн сүрээр сэтгэлийг дарж хайрла! Их нигүүлслийн эрхээр би гэгчийг товроглож хайрла!
Нэлэнхүй орчлонд хэн зовж байна, тэр бүгдийн зовлонг над дээр овоолно уу. Нисванисын таван хор хаана дэвэрч байна, тэр бүхнийг над дээр асгана уу. Гай түйтгэр бүгдийн ёзоор болсон би-г баримтлагчийг таниснаас хойш эргэлзэж түдэх хэрэггүй бутлан зохио!
Гэм бүхнийг түүнд тохож, хамаг амьтанд талархан залбиръя. Бусдын хүсээгүй зовлон бүгдийг өөртөө хүлээж, өөрийн буян хишиг бүхнийг хамаг амьтанд ерөөн зориулму.
Ийнхүү амьтан бүхний бие, хэл, сэтгэлийн үйл лай, өр төлөөсийг өөртөө хүлээснээр хорт жимсэнд тогос шувууны өнгө жавхаа бадрах шиг хар хор бүхнийг ариусал гэгээрэлд хувиргах болтугай!
Өөрийн буян заяаг бусдад бэлэглэснээр хор идсэн хон хэрээг эмээр тэтгэх шиг амьтан бүхэнд амар амгалангийн амийг соёрхож, гэгээрэлд хүргэх болтугай!...
Тийн үйлдвээс л энэ чөтгөрийг дарна. Тийн үйлдвээс л атгаг сэтгэлийг арилгана. Арилсан сэтгэлийн бэлгэ билгээр би-үгүй чанарыг бясалгаж гэмээ нь Бурхан багшийн жаргалант ахуйг олохгүй гээд яах вэ.
Аяа, энэ бүгд шүтэн барилдлага билээ. Шүтэн барилдлага нь хоосон чанар. Хоосон чанарын агаарт тулах торох юмгүй. Янагш, чанагш хувирч байгаа бүхэн илбийн үзэгдэл төдий. Галт бамбарын бүжгээс үүсэх хүрээ шиг хий хоосон тусгал. Хуулаад үзтэл хулсны хөндий, усны хөөс шиг. Алсаас харахад тансаг зэрэглээн наадам. Ашид сүндэрлэх мэт үүлэн харш. Атгаад авч болдоггүй толины тусгал ажгуу.
Би хэмээгч нь түүнчлэн байх, байх шиг боловч барих биегүй хоосон. Үнэн, үнэн шиг санагдавч үнэхээр үл нотлогдох. Үзэгдэх, үзэгдэх шиг боловч үхэх, төрөх юмгүй. Тийм атал үйлийн хүрд яахин бодитой байх вэ. Аягатай усанд сарны дүрс тодрох шиг өнгө өнгийн үйлийн зураг урганам. Үзэгдэх төдийгөөр авах, гээхийг үйлдсү.
Зүүдэнд галвын түймэр дүрэлзэх аваас зүүдний би галд түлэгдэхээс айн зугтах бус уу? Түүнчлэн тамын ертөнц хоосон чанартай боловч тарчилж зовохоос эмээн хилэнцийг тэвчих буюу.
Зүүдний харанхуй бодит биш боловч харанхуйгаас айж, гэрэл рүү тэмүүлэх мэт мунхгийн харанхуй бодитой биш ч, билиг ухааны гэрлээр эндүүрлийг ярсугай.
Авъяаслаг хөгжимчин хуур ятга тоглох үед ая эгшгийн мөн чанарыг шинжлэн танивал хоосон боловч, сонсогч хүний сонорт яруу дуун хүрэхдээ сэтгэлийг нь эзэмдэн догдлуулдаг.
Түүнчлэн үйл үрийн уялдаа холбоог шинжлэн үзвэл нэг ч биш, тусдаа ч биш хоосон чанартай боловч үзэгдэх мэтээр юмс үүсэн замхарч, орших мэтээр орчлонд төрөх, үхэхийг амсах тул үзэгдэлд тааруулж авах, гээхийн ухааныг үйлдсүгэй.
Дусаал тоссон бумба усаар дүүрэхэд эхний дусал түүнийг дүүргээгүй, эцсийн дусал ч дүүргээгүй шиг дусал тус бүртээ түүнийг дүүргээгүй. Түүнчлэн нөхцөлдөж бүтсэн хорвоод жаргал, зовлон юу ч амссан түүнийг эхний агшин бүтээхгүй, эцсийн агшин ч бүтээхгүй, хамаг бүгдээр шүтэн барилдаж бүтээюү. Бас хамаг бүгдээр шүтэн барилдаж эдэльюү.
Аяа, шинжлэн таних билгүүн ухамсарт үзэгдэл бүхэн зүүд зэрэглээ учраас айдас хүйдэсгүй ая амгалан оршдог. Гэвч үзэгдэл хоосон энэ ном гүн гүнзгий тул эгэл дордос түүнийг үзэхэд бэрх ээ.
Одоо энэ цэвэр тунгалаг ахуйд тэгш агуулан бясалгаваас байна гэх юу байна, байхгүй гэх ч юу байна? Мөн гэх юу байна, биш гэх ч юу байна? Амсагч хийгээд амсагдах аль аль нь хоосон тул авах, гээхийн идэвхийлэл бүхнээс салж, оюун бодлоор урлаагүй цэвэр ахуйд уусан оршвоос л их богд болно.
Тэр мэтчилэн янагуухь болон үнэмлэхүй бодь сэтгэлийг эдэлснээр буян хийгээд билиг ухааны хоёр чуулганыг төгсгөж, өөрийн хийгээд бусдын хоёр тусыг үлэмж төгс бүтээх бурхны хутгийг олох болтугай.
Дайсны амин оньсонд буугч мэсэн хүрд хэмээх үүнийг элдэв аймшигт араатан бядан гүйсэн ой шугуйд егүзэр Дармарагшита цагийн цөвүүнд бясалган суусан болой.Тэрээр энэ номоо Адиша богдод хайрлажээ. Адиша богд түүнийг алхам тутмаа бясалгаж, үлэмж амсуурга төрснөө ийн дурьджээ: “Хаан төрийг орхиод хатамжилж явахдаа би урьдын буян золоор гэгээн багштай учирлаа.Дээдийн номын рашаанд зүрхний цангаа тайлагдаж, ухаарч бясалгах тусам эрдэнэсийн сан нээгдвэй.”
Буддын гүн ухаан судлаач П.Бадрал
ЗочинJune 21, 2012
Янзын сайхан сургаал байна. Бадралдаа баярлалаа. Буян номын үйлс нь дэлгэрэх болтугай.
ЗочинJune 21, 2012
Хоосон чанарыг өнгөц болов ч ойлгосон хүн Буддагийн айлдсан Дуккха гэдэг үгийг "ханашгүй байдал буюу "үл ханах сэтгэл" гэсэн үгээр ойлгох нь дамжиг үгүй. Энд хэрэглэсэн "зовлон зүдгүүр" гэдэг үг зохисгүй оноолт болжээ, анд аа. Тиймийн тул Буддагийн айлдсан үг бүр "ханашгүй байдал" ыг төрүүлж ч магад үгүй тул таны бодол ч гэсэн таны өөрийнх тань биш гэдгийг эхлээд ойлгох учиртай ажаам уу!