2012-09-20 | Нийтэлсэн:admin | Үзсэн:11989
Тэнцэх ижилгүй Бурхан их эрдэнэ
Тэнцэх ижилгүй ном их эрдэнэ
Тэнцэх ижилгүй хуврага их эрдэнэ
Тэтгэгч дээд гурван эрдэнэд тахил өргөе.
Дээж өргөх ёс нь буддын шашин дэлгэрсэн ард түмний хувьд гүн гүнзгий билэг дэмбэрэлтэй зан үйл юм. Өглөө цайгаа чанаад эхэнд бурхан шүтээндээ дээжийг тавиад дараа нь тахилга тайлагат уул овоо, газрын эзэн лус савдаг, нар, сар, од гарагт дээжээ өргөдөг авай. Зарим нутагт цайныхаа дээжийг гэрийн хоймор тал буюу тулганыхаа дээд талд гурвантаа дусаадаг нь чухаг гурван эрдэнэд тахил болгон өргөх өргөлийн утга санааг агуулж буй. Бурханы шашинтан хэн боловч "юу идсэн, юу уусныхаа дээжээр чухаг дээдийг тахиж байх" сургаалтай байхын тулд аливаа идээ ундааныхаа дээжийг зэс, гууль, мөнгө, алт, болор зэрэг эрдэнийн зүйлээр хийсэн тахилын цөгцөнд өргөдөг заншилтай. Цайндаа цайны идээ, давс, хужир, шар тос, задь, арвайн гурил зэрэг эмийн дээд ургамал хийж сайтар самарч чанадаг. Чанасан цайгаараа дээж өргөхдөө хязгааргүй олон бурхад, тахилын охин тэнгэрүүдийг тахил өргөн баясгаж байна, тоолшгүй олон ядарсан амьтдыг өлсөж ундаасахын зовлонгоос гэтэлгэж байна хэмээн бодоод өргөхөд өргөсөн дуслынхаа тоогоор буяныг хураах тул дээдийн дээд өргөл болдог. Дээж өргөх ёс нь гүн утга санааг агуулах бөгөөд эгэлийн махан нүдэнд үл үзэгдэх далд ертөнцийн амьтад, газар лусын эзэд, цагаан зүгийн тэнгэр, нар, сар, од гарагийн эздийг цайны дээжээр дайлж тэднийг баясгаад дашрамд энэ насныхаа амар амгалан болон, газар орныхоо хүн зонд ган зуд, гал усны аюул, хүн малд өвчин эмгэг үгүй, ад зэтгэрийн хорлол, гай барцадыг зайлуулж аливаа санасан сэдсэн ажил үйлс бүхнийг бүтээж гадна дотны харшлах шалтгаан бүгдийг амирлуулж, аливаа муу үйлээс сахин хамгаалж, ивээн тэтгэж байхыг хүсэн залбирч цай, сүүнийхээ дээжийг өргөдөг. Мөн Замбуу тивын хүмүүний чанасан цайнд дурлах завсрын олон амьтад буй хэмээдэг. Тэдний өлсөж ундаасахын зовлонг ганц дусал дээж амирлуулаад зогсохгүй тэрхүү хүнд бэрх төрлөөс нь гэтэлгэж сайн мөрд оруулах тул буяны үр нь цаглашгүй юмаа.
Ар халхын анхдугаар богд Жавзүндамба гэгээнтэн "Монгол хүн цайныхаа дээжийг чухаг дээдэд өргөхгүй болж, зочин гийчиндээ цайгаа үнэ өртгөөр зарах цагт халхын буянд их цөв орно шүү. Тиймийн тул монгол эхнэр хүмүүн цайны дээжээ өргөн, зочин гийчиндээ хүндэтгэлтэйгээр хоёр гардан цай идээгээ барьж байгаарай" хэмээн айлдсан ажгу. Түвдийн нэгэн их номын хүмүүн бээр монгол оронд заларч явахдаа монголчуудын зочломтгой сайхан зан заншил, монгол эзэгтэйн цай аягалан барихыг хараад " Аягалаж барихаас нь харахад л Ар халхын буян заяа хэзээ ч дундрахгүй юм байна" хэмээн дуу алдсан гэдэг.
ЗочинSeptember 22, 2012
Mash ih bayarlalaa,
ЗочинSeptember 25, 2012
mash ih heregtei medeelel bna bayrlalaa
ЗочинOctober 9, 2012
ene bol uneheer gaihaltai zan zanshil shuu bayarlalaa tun heregtei medeelel bnaa