2013-11-21 | Нийтэлсэн:admin | Үзсэн:9034
Төрийн онолч С. Молор-Эрдэнэ:
"100 жилийн өмнө Монгол хүнийг балласан Буддын шашиныг өнөөдөр дахин гаргаж ирж сүүлдээ бүр “Майдар” бурханы хотхон байгуулна гэж буй бол Доод хүмүүсийн маассыг улам томруулж хоцрогдсон орон болгох гэсэн тархи угаалт. Яагаад мэдлэг боловсролын хотхон барихгүй мухар сүсэг дэндүү бүдүүлэг амидрал руу шамдаж хөрөнгө мөнгө үрэн таран хийнэ вэ? Тэр их хөрөнгө мөнгөө хойч үеийнхээ боловсролд яагаад зарцуулж болохгүй гэж. Яагаад технологийн хотхон босгож олон шинэ ажлын байр бий болгосон үйлдвэр компануудын хотхон байгуулж болохгүй гэж. Майдар бурханд мөнгө зарахын оронд автомашины үйлдвэрт мөнгө зарцуулж болох шүү дээ. Өмнөд Солонгос ердөө л 20 жилийн дотор дэлхийн автомашины үйлдвэрүүдийн дотор томоохон өрсөлдөгч болж чадлаа шүү дээ. Өмнөд Солонгос “Hyundai” автомашин үйлдвэрлэсэн бол Монголчууд яагаад дэлхийд үнэлэгдэх автомашин жишээлбэл “Khangai” эсвэл “Khentei” нэртэй автомашин үйлдвэрлэж болохгүй гэж. Хэн Монголчуудыг юу ч чадахгүй тул Майдар бурханаа шүтээд л бөө нартаа мөргөөд л мухар сүсэгтээд л яруу найраг уншаад л бэлэгдэл яриад л түүх нэртэй үлгэр домогт үнэмшээд л явцгаа гэж тушаагаад байна вэ?
Азийн Хятад, Өмнөд Солонгос, Япон гэх мэт орнууд Далай ламыг шүтэж, бурхан шашинаар гайхуулж Майдар байтугай Буддагийн хотхон байгуулж болох л байсан. Гэтэл тэд Буддаг биш мэдлэг боловсролыг сонгосон. Яагаад тэд Буддын шашнаас хол вэ гэхээр хүн ардыг мухар сүсэгтэй болгож ямар ч хөдөлмөрийн чадваргүй болгохоос татгалзсан. Буддизм мухар сүсгээр тархи мунхруулж хоосон болгодог тул Азийн хөгжилтэй орнууд Буддын шашинд биш мэдлэг боловсролд суралцсан.
Энэ зун Улаанбаатар хотоор дүүрэн Буддын шашны улаан нөмрөг нөмөрсөн гадаад дотоодын эрэгтэй эмэгтэй халзан толгойтой хүмүүс жагсаалаараа явцгаахыг бүгдээрээ харцгаасан. Ядаж байхад яр гэгчээр яахаараа өөрийнхөө оронд үнэгүй болсон тэр орнуудын хамгийн адгийн тэндээ ажиллаж амидрах чадваргүй хүмүүс Улаанбаатар хотоор дүүрч бидний хөгжилд саад хийнэ вэ. Үүнийг зогсоох цаг болсон шүү дээ. Төрийг шашнаас салгаж чадсан орнууд л хөгжсөн байна шүү дээ, ерөнхийлөгч Элбэгдорж оо."
Тайлбар:
Ер нь Бурханы шашинтай улс хөгжилгүй байдаг гэсэн яриа ер нь олонтоо явагддаг тул юуны түрүүнд хөгжил яг юу вэ гэдэг тал дээр ойлголттой болох хэрэгтэй. Бид хөгжил гэдэгийг өндөр барилга, гоё машин, сайхан зам гэх мэт ерөнхийдөө гаднах өнгө, хэлбэр дүрсээр төсөөлөөд байдаг бололтой. Хичнээн гадаад байдал хөгжинө, хүмүүс төдий чинээ хэлбэр хөөж хоорондоо өрсөлдөн, нэг нэгнээсээ дээгүүр гарах гэж зүтгэснээр мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болж, бие биедээ баг зүүсэн харилцааг үүсгэж энэ нь цаашлаад өөрсдийгөө мартахад хүргээд зогсохгүй хөгжил гэдэг бол зөвхөн материаллаг хөгжил гэдэг талаас нь л ухамсар нь тусгаж авдаг болсон байна. Ийм зүйлийг хөгжил гэх үү үгүй юм аа. Энэ бол хөгжил бус харин сүйрэл. Бидний хөгжил гэх сайхан үг цаагуураа өөрөө өөрсдийгөө хавханд л оруулаад байна шүү дэ.
Далай багш хэлэхдээ:
"Барууныхан толгойгоо сайн ажиллуулдаг. Их ч ажил үйлс бүтээдэг. Гэвч үргэлж л үр ашгийн төлөө улайрдаг. Ийм үед толгой тархи, санаа бодол зөвхөн үр ашгийн төлөө л үйлчилнэ. Бүх үйлчлэгчийн адил оюун санаа боолын байдалд ордог. Тэгэхлээр би зорилгодоо хүрэх гэсэн улайрлаас ангид чөлөөтэй, оюун санааны өөр амьдралын тухай ярьж байна. Хаа сайгүй өрнөх болсон техник технологийн халдлага түрэмгийлэл нь сэтгэл санаа, амьдрах насыг хороож байна." гэж хэлсэн байдаг.
Сүүлийн үед Барууны орнуудад Бурханы шашин маш хүчтэйгээр дэлгэрч байгаа. Одоогоор Англи хэл рүү Бурханы шашны орчуулагдаагүй ном бараг үлдээгүй билээ. Саяхан Улаанбаатар хотод Барууны орнуудаас хичнээн их лам хуврагууд ирсэнээр нь харж болно. Гэтэл Молорэрдэнэ үүнийг нь харчихаад тухайн орны хамгийн адгийн нөхөд Монголд ирж, үүнийг зогсоох хэрэгтэй гэж бичсэн байгааг та бүхэн уншсан байх. Ямар ч баримтгүй ингэж хэлж болохгүй юм л да. Барууны тэр дундаа эрдэмтэн, докторууд тэр чигээрээ Буддистууд байдаг. Тэр хамгийн адгийн хүмүүс нь өөрийнх нь боловсрол эзэмшсэн Германы Их сургуулиуд, барууны алдартай Оксфорд, Кембридж, Харвардын их сургуулиудаас ирсэн эрдэмтэн судлаач нар байсан шүү дээ. Шаардлагатай бол МУИС шашин судлалын тэнхимээсс материалуудыг нь авч үзэж болно.
За тэгээд Бурханы шашин Баруунд хүчтэй дэлгэрч байгаа гэсэн. Үүнээс улбаалаад өнөөгийн гадаад хөгжлийг хэт чухалчилах нь буруу юм байна, хүмүүс өөрсдийгөө олж харах хэрэгтэй юм байна аа гэдэгийг ойлгосон ухаарсан хүмүүс ихээр төрж олон баримтад шинжлэх ухаанд суурилсан кинонуудыг гаргаж байна. Тухайлбал өнөөгийн эдийн засгийн тогтолцоо тэр чигээрээ буруу байна аа, энэ бүхнийг сууриар нь өөрчлөх хэрэгтэй гээд шинэ үзэл санааг гаргаж ирсэн Гярманы ZeigGeist гэдэг хөдөлгөөн бий. Молорэрдэнэ би Германд боловсрол эзэмшсэн Монгол түмэн та нар юу ч мэдэхгүй байна дээд хүн бэлдэхэд би тусална гэж ярьдаг болохоор миний бие өөр улс орны бус зөвхөн Герман улсын сүүлийн үедийн шинэ үзэл, бодлогыг гаргаж ирж байгаа ZeitGeist хөдөлгөөнийг товчхон танилцуулье гэж бодлоо.
Энэ хөдөлгөөн бол өнөөгийн нийгэм, болоод эдийн засгийн тогтолцоо тэр чигээрээ алдаатай байна аа. Энэ хэвээр цаашид үргэлжлэх юм бол олон гай зовлон үүдэн гарах болно. Энэ бүхнийг зогсоох цаг нь болсон гэж үзэн тэд маш олон төрлийн шинжлэх ухааны баримтад сууриалсан кино хийж түмэнд таниулах үйлсийг хийж байгаа билээ. Тухайлбал энэ хөдөлгөөний гарган "хүний мөн чанар" гэсэн кино бий. Энэ кино нь олон туршилт судалгаан дээр үндэслэгдэн хийгдсэн бөгөөд Бурханы шашны хүний мөн чанарын тухай ойлголттой яг л таардаг ба киноны завсар дунд Буддизмийн үзлийг иш татдаг.
Мөн энэ хөдөлгөөн нь өнөөгийн мөнгөнд суурилсан эдийн засгийн тогтолцоо энэ хэвээр цааш үргэлжилвэл энэ дэлхий удаан тэсэхгүй гэдэгийг мөнгө гэдэг ухагдахуунаас авхуулан нарийн тайлбарлаж бүх факт баримтийг дэлгэж харуулдаг. Өнөөдөр бид хөгжил хөгжил гэж яриад байгаа чинь цаагуураа өөрөө өөрсдийгөө хөнөөж байна, бид түүнийгээ анзаарахгүй байна, энэ бүхэн өнөөгийн гаж нийгмийн тогтолцооны буруу байна аа гээд хүнийг бус тогтолцоог өөрчлөх тал дээр ихээхэн анхаарлаа хандуулж олон төрлийн шийдлийг гаргасан байдаг. Илүү дэлгэрэнгүйг www.thezeitgeistmovement.mn/видео гэсэн хаягаар орж үзнэ үү. Гэтэл ийм болоод байхад Молорэрдэнэ Гярманы хуучирсан үзлийг нь авчиран Монголчууд доод хүн байна, юу ч мэдэхгүй боловсрол алга, ингэж милэнхойлогтож болохгүй ээ, млэнхойлогтсоор байтал цаана чинь Өмнөд Солонгос автомашин үйлдвэрлэж ердөө л 20 жилийн дотор баян болж чадлаа гэх мэт өөрийн цахим хуудсаараа олонтоо хэлдэг бөгөөд бид өөрсдийн өвөг дээдэс, ёс заншил, сургаал номлолдоо хүндэтгэлгүй хандах нь ёс зүйд үл нийцэх байх аа гэж бодном.
Тиймээс их Майдар төсийнхөн дэлхийн сүүлийн ололт хөгжилтэй цуг алхан олон шинэ төслийг санаачилсаны хамгийн эхний алхам нь л эв нэгдлийн бэлгэдэл Их Майдар Бурханыг цогцлоох юм. Их майдар төслийг зорилго бол уламжлалт ёс заншлаа сэргээж эв нэгдэлтэй байя аа, жинхэнэ сэргэн мандалт, амар амгалан, зөв хөгжил дэвшлийг бүтээе ээ гэсэн санааг бэлгэдэж бүтээн байгуулж байгаа бөгөөд энэ төсөл нь цаашлаад "морин хуур хотхон", ЭКО хотхон буюу цэвэр байгальд ээлтэй хотыг говийн бүсэд байгуулах гэж байна. Үүнийг нь Германчууд их дэмжиж байгаа бөгөөд сүүлийн үеийн Герман технологоор барих байхаа. Саяхан Тони Блэйр Монголд айлчлаад хэлэхдээ танай нүүдлийн соёл ахуй бол үнэхээр агуу. Та нар үүнийгээ бүү гээгээрэй гэсэн зөвлөгөөг өгсөн байдаг. Мөн нөгөөтэйгүүр Германчууд Монголын Бурханы шашныг ихэд сонирхож байгаа бөгөөд олон ном зохиолыг өөрсдийн хэл дээрээ гаргасан байдаг. Тухайлбал Данзанравжаа болоод бусад олон Монголын дээдэс лам нарын зохиолуудыг өөрсдийн хэл дээрээ буулгаад хэвлэчихсэн байхыг миний бие үзсэн. За тэгээд Германчууд ингэж их бидний соёлыг судалж биднээс суралцахыг хүсэж хэрхэн утга учир өгч байгааг нь харагдлаа.
Нөгөөтэйгүүр Их Майдар төсөл нь дараах ач холбогдолуудтай:
1.Монголчуудын оюуны дархлааг бэхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, залуу үеийн ёс зүйг төлөвшүүлэх
2.Түүх соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, уламжлалт ёс заншлаа сэргээх
3.Аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах
4.Уран барилгын гайхамшигт бүтээл
5.Байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх
гэх мэт ач холбогдолуудтай бөгөөд өнөөгийн эдийн засагт ч ашигтай, ирээдүйн зөв хөгжилд ч ашигтай, аль алинд нь ашигтай хувилбар юм. Тухайлбал Молорэрдэнийн дэмий зүйлд мөнгө үрлээ гээд харамсаад үгээ хэлээд байгаа тэр мөнгөөр нь их Майдар Бурханыг цогцлоосноор наад зах нь аялал жуулчлал салбар хөгжиж нэг цэцэрлэг бус нижгээд цэцэрлэг, сургууль барих санхүүжилт нь аяндаа л ороод ирнэ шүү дэ. Энэ мэт наад захын зүйлийг ялангуяа философич хүн хялбар л ухаармаар юм.
Азийн Хятад, Өмнөд Солонгос, Япон гэх мэт орнууд бурхан шашинаар гайхуулж Майдар байтугай Буддагийн хотхон байгуулж болох л байсан. Гэвч тэд тэгээгүй тийм зүйл байхгүй гэсэн утгатай юм бичсэн байсан.
Тийм зүйл байхгүй юм аа. Азийн орнууд дахь Бурханы шашны томоохон сэрэг дүрүүд маш их бий бөгөөд жилээс жилд өссөөр л байгаа. Та бүхэн доорх линкээр орж үзэж болно.
Хятад хэлэнд бараг Бурханы шашны ном судар тэр чигээрээ орчуулагдсан байдаг. Тухайлбал манай сайтад цуврал болж байгаа Мял богдын намтар бол Хятад хэлнээс л орчуулагдан гарч байгааг та бүхэн мэдэж л байгаа байх.
Мөн Хятадын алдарт зодооны урлаг мөн л Бурханы шашниас үүсэлтэй. Бодьдарма гэдэг энэтхэгийн лам МЭ 520 онд Хятадад очсоноор энэхүү шаолин үүсэн хөгжих эхлэлийг тавьжээ. Тарнийн ёсонд мэргэжсэн лам нар ер бусын гайхалтай хүчийг эзэмшдэг бөгөөд энэ хүчийг эзэмшихэд шаолины лам нар төрөл бүрийн хийн дасгал хийдэг. Энэхүү хийн дасгал нь Бурханы шашны тарнийн ёсонд байдаг бөгөөд энэхүү онцгой хүчийг эзэмшихийн тухайтад дээд зэргийн сахил санваар дэг жураманд захирагдах ёстой байдаг.
Япон улсын тухайд бол мөн л Бурханы шашин хүчтэй хөгжсөн байдаг. Тухайлбал та бидний мэдэх Японы цайны ёслол, бэхийн бичлэг, хайку шүлэглэл, цэцэгийн урлаг, оригами гэх зэрэг нь бүгд Буддын шашнаас улбаатай бөгөөд түүхийн явцад өөрийн хэлбэрээ тодорхойлж ирсэн соёлын нэгэн хэлбэрүүд юм. Япончуудын амьдралын хэв шинж тэдний сэтгэхүй хандлага, ойлголт зэрэгт зэн Буддизм нь гүн тусгалаа олсон байдгийг тэдний бүхий үйлдлээс харж болох юм. Ялангуяа элитүүд нь бүгд зэн буддизмаар хүмүүжсэн энэ үзэл баримтлалаар явдаг гэж ойлгож болно. Эндээс бас нэгэн ойлголт хавсарч гарч ирж байгаа юм. Японы түүхэнд Самурай гэгч хүн чухал ач холбогдол нэр хүндтэй байсны дээр өөрсдийн гэсэн ёс жаяг дэг журамтай байсан. Үүнийг Бушидо гэх бөгөөд Самурай хүн бүр энэ ёсыг баримтлах ёстой байдаг. Мэдээж самурай хүний салшгүй нэг чухал зүйл бол тэдний Сэлэм. Сэлэм бас ямар утга учиртай үнэ цэнэтэй зүйл болохыг та бүхэн олж уншиж болох юм. Тэгхээр энэ бүгдийг хамтад нь илэрхийлсэн нэг зүйл бол тулааны урлаг болох Кэндо юм. Кэндо нь зэн Буддизм дээр үндэслэсэн самурайн тулалдах аргачлал гэж тодорхойлж болох юм. Кэндог зарим хүмүүс спорт гэж үзэх бөгөөд угтаа бол дан ганц спорт биш юм. Энэ нь хувь хүнийг дотоод талаас нь төлөвшүүлж хүмүүжүүлж байдаг зэн Буддизмын нэг хэлбэр юм. Мөн бид бүхний мэдэх "Бурхан багшийн сургаал" гэдэг ном Японоос гаргасан ба энэ ном Монголоос авхуулаад маш олон орны хэл дээр хөрвүүлэгдэн хэдэн сая хувь тараагдсан байдаг. Бидний мэдэх TV9 Телевизийг энэ улс өгсөн болохыг та бүхэн мэдэж байгаа. Одоогоор Монголд номоо айлсаж байгаа Жадо ринбүүчи ламтан Японд морилоод ирэхдээ Японы лам нар нууц тарнийн дамжлага одоо болтол алдагдаагүй байна гэж саяхан хэлж байсан. Энэ нь тэд уламжлалаа хэрхэн алдагдалгүйгээр өнөөг хүргэж ирсэн нь Бурханы шашин бас л хүчтэй байгаан томоохон баталгаа болж чадах юм. Бурханы шашин хүчтэй хүчгүй байгаан баталгаа бол хүний зөвхөн тоондоо бус номыг хэр алдагдалгүйгээр авч явсан, сахил санваараа хэр хүчтэй сахидаг тэдний өв соёлд яаж уусан шингэсэн зэргээр л хэмжигддэг юм. Энэ мэтэчлэн бусад олон улсыг тоочвол барагдахгүй зүйл бий.
Философи
Миний бие Дорнын олон философийг сонирхон судлан үзсэн боловч сэтгэлд нийцсэн зүйл нэгээхэн ч гараагүй билээ. Учир нь тулга тойрсон тэр нь анхдаг үгүй ээ тэр нь анхдагч гээд л дэмий зүйл хөөцөлдөнө. Гэтэл Бурханы шашны философид бол хоёуланг нь шүтэн барилдлагатай гэж үздэг. Ингээд л асуудал шийдэгдчихнэ. Нэг талтай зоос гэж байхгүй шүү дэ. Баруун зүг гэж байхгүй бол зүүн зүг гэж ч мөн байхгүй. Зүгийн ялгаа гарч байнаа гэдэг чинь шүтэн барилдлагатай л гэсэн үг юм. Цаашлаад дан ганц нэг зүйлээс юм тогтохгүй. Тиймээс бүх зүйл шүтэн барилдлагатай учираас дан ганц энэ гээд бариад авах юу ч байхгүй. Гаргаж ирий гэвч юу ч гарч ирэхгүй ба хоосон чанар гэдэг ойлголт үүн дээр дөрөөлөн гараад ирдэг. Хоосон чанар гэдэг бол бүх зүйл шүтэн барилдлагатай л гэсэн утга. Бурханы шашин Барууны орнууд руу төдийлөн нэвтэрч чадаагүй болохоороо Бурханы шашны үзэл, философийг Барууныхан төдийлөн мэддэггүй бололтой. Бурханы шашниас бусад бүх шашин бүтээгч эзэн байдаг гэж нэг зүйлийг тавьж үздэг. Магадгүй Барууны орнуудад эдгээр шашниуд ноёрхсон байдаг болохоороо тэдний сэтгэхүй нэг зүйлийг хайх дадал сууж түүгээрээ тэр нь анхдагч, үгүй ээ тэр нь анхдагч гээд л тулга тойрсон яриан дунд суудаг байж болох л юм.
Та бүхэн Буддагийн шавь гэгээнтэн Нагаржунайг мэдэж байгаа байх. Нагаржунай урд насны Бурхан багштай барилдлагатай хүн бөгөөд түүнийг Бурхан багш хожим Нагаржунай миний сургаалийг дэлгэрүүлнэ хэмээн лүндэгнэсэн байдаг. Будистууд гэгээнтэн Нарагжунайг 2 дахь Будда ч хэмээн хүндэтгэн үздэг. Тиймээс Нагаржунай бээр Бурхан шашны нэгэн том төлөөлөгч бөгөөд дэлхий алдарт филсофичид дунд нэр нь явдаг. Гэтэл Молорэрдэнэ "Буддизм мухар сүсгээр тархи угаан, мунхруулж хоосон болгодог" гэж ярих нь мөн л утгагүй яриа болно. Бурханы шашин чинь өөрөө философийн салбарт Буддизм гэсэн нэрээр явдаг бөгөөд томоохон байр суурийг эзэлдэг.
Мөн лам нарыг муулж болох ч филсофич хүн хүний мууг харах бус яагаад ийм болов гэдэг учир шалтгаан талаас нь харж болно шүү дэ. Муу хүн гэж байдаггүй, хүндээ бус энэ тогтолцоонд л буруу байгааг философич хүн юс бол хялбар мэдэж байх л ёстой. Бид чинь шашниа устгачихсан улс шүү дэ. Эрдэмтэй номтой лам нараа цаазлаад дунд хэргийн зэрэгтэй лам нарыг шоронд хийгээд эхлэн суралцаж байгаа лам нарийг хар болгоод шашниа юу ч үгүй устгачихсан улс байхад одоогийн лам тийм ийм гэж ярих нь утгагүй юм. Учир нь дацанд сургалт явагдадгүй зүгээр л зан үйл уншлага төдийхнөөр л уламжлуулан авч ирсэн бөгөөд тэд номоо ч мэдэхгүй түүнд зааж сургах багш ч байхгүй болсон үе юм. Модыг тайрах амархан ч түүнийг сэргээхэд устгахаасаа илүү хугацааг шаардагддаг. Бурханы шашин түүнтэй яг ижил бөгөөд доод талын боловсон хүчин бэлдэхэд 15 жил шаардагддаг бөгөөд 90-д оноос хойш ардчилал гарч шашин нээлттэй болсон цагаас тооцоход 2005 оноос эхэлж боловсон хүчин шинээр бий болж Бурханы шашин сэргэж эхэлж байна. Эдгээр шинэ боловсон хүчингүүд одоогоор гарын 5 хуруунд багтахаар цөөн байгаа боловч сургалт өөрсдийн чадал боломжоороо явуулснаар байна. Тиймээс энэ мэт олон учир шалтгааныг мэдэх хэрэгтэй бөгөөд үнэхээр лам нүдэнд нь буруу харагдаад муулмаар санагдаад байгаа бол тэр ламынхаа нэр усийг нь хэлээд зарлаж болохч Бурханы шашныг "тархи угааж хоосон болгодог" гэх мэтээр элдвээр муулж болохгүй юм аа. Хэн ч аливаа зүйлийг муулж элдвээр хэлж чадна. Гэвч учир шалтгаанаар үгүйсгэж чаддаг бол шүтэх байлаа. Гэвч Бурханы шашны үзэл сургаалийг одоо болтол учир шалтгаанаар үгүйсгэж чадсан хүн гараагүй л байна.
Эцэст нь хэлэхэд Молорэрдэнэ гэдэг хүнтэй тэрсэлдэх санаа огтхон ч агуулсангүй болно. Үүгээр дамжуулан Бурханы шашны талаар та бүхэнд зөв ойлголтыг хүргэх зорилгоор бичсэн болно. Ахын ачаар Бурханы шашны багахан ч гэсэн ойлголтыг хүргэж чадсан байх гэж найдаж байна.
Ч.Одгэрэл