Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Там ба диваажин / Гэгээрэхүй шүлгийн цомгоос /

Эх болсон зургаан зүйл хамаг амьтан бүхэн
Эцэс төгсгөлгүй төрөл авах зургаан сав ертөнцийн
Эхний бөгөөд доод төрөл нь там гэгдэх бөгөөд
Эцсийн дээд түвшин диваажинг тэнгэрийн орон хэмээнэ

Там дотроо халуун хүйтэн аюус гэхчилэн
Төрөл ангилалд хамрагддаг бол
Тэнгэрийн орон ч тэр дундаа мөн
Тэрчлэн Гандан Шамбал мэтээр хуваагдана

Там гэдэг нүгэлтэн гэмтнүүдийн цугладаг оромж
Тэндээс мултархад хорвоогийн сая жил ч багадана
Тэнгэрийн орон харин буянаа эдлэх амралтын газар
Тэнд жаргах цэнгэх хугацаа түмэн жил төдийгөөр хязгаарлагдана

Тамын орон хэдийгээр диваажингаас дор орших ч
Тэсэж гараад буян хураавал тэнгэрт төрөх ирээдүй бий
Тэнгэрийн оронд хэдий жаргаж амрах нь сайхан ч
Төөрөг буянаа алдваас тамд унах магадлал бий

Там диваажин хоёр угтаа тийм ч хол оршдоггүй
Тэдгээр нь үнэндээ зэрэгцээ орших ертөнцүүд
Түйтгэр буяны хариуд л учрах зовлон ба жаргал
Түвшин дэсийн л ялгаатай үйлийн оршихуйнууд

Там диваажингийн аль нь ч тэр таны бүтээл
Таныг унагадаг там өргөдөг диваажин үгүй
Тамд зовоогч чөтгөр шулам байхгүй шиг
Тэнгэрт тэтгэх бурхан сахиус бас үгүй

Там гэдэг таны нүгэлт сэтгэлийн айдас мэдрэмж
Түүнээс бус таныг хуйхлах гал хайрах хүйтэн үгүй
Тэнгэр ч адил буянт үйлийн чинь баяр жаргалан
Тэнд ч мөн эдлэх барих бодит орон бас үгүй

Тамаас эмээвэл нүгэл хилэнцээс сэтгэлээ ариусга
Тэнгэрийг хүсвэл буяны сэтгэлээ ямагт аривтга
Там диваажин хоёр таны сэтгэлийн бүтээл тул
Тэдгээрийг үүсгэгч сэтгэлээ номхтгох бясалгал үйлд

Ө.Батболд

Холбоотой мэдээ: “Тамын орон”

    Бусад мэдээлэл