Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бодьсадва

Бодьсадва гэдэг нь ямар хүнийг хэлэх вэ? гэдгийг улам нарийсган тодруулбал, амьтны тусыг хязгааргүй бүтээхээр энэ ертөнцөд залагдсан Бурханы хувилгаан гэж юуны өмнө тодорхойлж болох юм. Эгэл жирийн хүмүүн төрөлхтнөөс бодьсадва хүн юугаараа ялгаатай байх вэ? гэвэл юуны өмнө оюуны түвшингээрээ ялгаатай байдаг.
Оюуны түвшнийг нь юугаар хэмжиж болох вэ? гэвэл түүний амьтанд туслах эрдэм чадлаар нь хэмжиж байгаа хэрэг юм. Бурханы шашинд арван газрын бодьсадва гэсэн нэр томьёо буй. Өөрөөр хэлбэл, анхдугаар газрын бодьсадва, хоёрдугаар газрын бодьсадва… гэх мэтчилэн аравдугаар газрын бодьсадва гэж байна гэсэн үг.
Энд “газар” гэдэг үгийг газар шороо гэсэн утгаар бус ертөнц, орон гэсэн утгаар хэлж байгаа учир тэгж л ойлгох ёстой.
Аливаа бодь сэтгэлийн замаар төрөл төрөлдөө замнан бэдрэгч, хамаг амьтны тусыг хязгааргүй бүтээгч бодьсадва нарын хүч чадал нь хязгааргүй бөгөөд тэд эрдэм номоороо ч тэр, рид хувилгаанаараа ч тэр, нэр алдраараа ч тэр, эд хөрөнгөөрөө ч тэр, ер нь бүх зүйлээрээ эгэл биднээс ялгамжаатай ажгуу. Ийм учраас Бодьсадва нарын ийм агуу их буяныг бүтээх үйлсэд нь даган баяссан шавь, сүсэгтэн хэн бүхний нүгэл арилж, буян нь нэмэгдэж дараа төрөлдөө гэгээрлийн хутаг олох нууцлаг боломж нээгддэг гэдэг. Түүнчлэн, ийм эрдмийн оргил болсон ламын үйлс явдалд даган баяссан хэний ч болов, энэ ба хойтын үйлс явдал давхар бүтэх учир тавилантай. Ийм багштай байх нь шавь нарт ч нэр төрийн хэрэг төдийгүй түүний үр шим нь энэ төрлөөр хязгаарлагдахгүй дараа төрөлд ч залгамжлагдаж чадна.
Бодьсадва хүн мөнгөтэй больё гэж зүтгээгүй ч буянаараа мөнгө нь олдож л байдаг, хөрөнгөтэй больё гэж зүтгээгүй ч хөрөнгө нь олдож л байдаг. Нэр төрийн төлөө “гутал оймсоо цоортол явалгүй” гэртээ сууж байхад ч нэр төр нь энэ ертөнцийн хаа нэгэн хязгаарт ч дуурьсаж л байдаг. Харин түүний тулд бодьсадва хүн буянаа нэмэгдүүлж бясалгал бүтээлд улам шамдаж амьтны тусыг бүтээх үйлсэд л шамдах хэрэгтэй болдог.
Энэ бүхнийг хатуу баримтлан бодьсадвагийн замаар замнах аваас эхлээд нэгдүгээр газрын бодьсадва болно. Мөн дараа нь хоёрдугаар газрын бодьсадва болох ба ингэсээр эцэст нь аравдугаар газрын бодьсадва ч болж болно. Эгэл хүмүүн бид бодьсадва нарыг гаднаас нь хараад энэ хувилгаантан тэд дүгээр газрын бодьсадва гэж хэлэх аргагүй ч явдал мөрийг нь шинжиж үзээд тодорхойлж болох юм.
Ингэхээр аравдугаар газрын бодьсадва гэгч нь бодьсадвагийн дээд эрдмийг олсон бурхан төрөлтөн буюу. Аливаа бодьсадва нар дээд тэнгэрийн орон болон доод лусын оронд төдийгүй хүмүүн бидний дунд байж болох ба ер нь бодьсадва нар хаана амьтны тусыг бүтээх шаардлагатай байна тэнд төрж, тэдний дунд үйлс явдлаа бүтээдэг жамтай.

Ингээд арван газрын бодьсадва тус бүрийн эрдэм чадлыг нэрийн утга гаралтай нь холбон товч тайлбарлаж болох юм.

1. МАШ БАЯСГАЛАНТ хэмээх нэгдүгээр газрын бодьсадвагийн түвшинд хүрэх аваас “зуун” амьтны зовлонг ганц хараад мэдэх ба мөн агшин зуурт зуун амьтанд туслан үйлдэж чаддаг.
Энэхүү “Маш баясгалант” орны бодьсадва нь бодийн хутагт их ойртсон бөгөөд өөрийнх нь буянаар олон амьтны тус бүтэж буйг үзээд гайхамшигт баяр баясгаланг мэдэрч чаддаг юм. Ийм их баяр баясгаланг үнэн сэтгэлийн угаас мэдэрч чадах тул энэ орны бодьсадва нарыг “Маш баясгалант” орны бодьсадва гэнэ. Тэгэхээр энэхүү Маш баясгалант орны бодьсадва нар дээд тэнгэрийн ямар нэгэн оронд амьдарч байхаасаа илүүтэй энэ бидний ертөнцөд амьдрах боловч эрдмийн орон нь Маш баясгалант гэж нэрлэж байгаа юм. Энэ утгаар авч үзвэл анхдугаар газрын бодьсадва гэж энэ бидний дунд амьдарч байх боловч хамаг амьтны тусын төлөө зүтгээд түүнийхээ үр шимийг амсаад баясагч нэгэн болой гэж ойлгож болно.

2. ХИРГҮЙ хэмээх хоёрдугаар газрын бодьсадва нар “мянган” амьтны зовлонг ганц хараад мэдрэх ба агшин зуурт мянган амьтанд туслах ажгуу.Энэ “Хиргүй” орны бодьсадва нар нь шагшаавад цалхайрсан нугуудын уналаас дээшихийг ч арилгасан тул нисванисын хиргүй гэдгээс энэ орны “Хиргүй” гэсэн нэршил үүссэн байна.
Тэгэхээр энэ газрын бодьсадва нар ертөнцийн гэмээс эгнэгт хагацсан тул “хиргүй” гэсэн нэршлийг авчээ.

3.“ГЭРЭЛТ” хэмээх гуравдугаар газрын бодьсадва нар “түмэн” амьтны зовлонг ганц хараад мэдэх ба тэднийг хараад агуу их нинж сэтгэл төрж номын гэгээгээр цэнгүүлэн үйлдэх ажгуу.
Энэ орны бодьсадва нар нь шравака ба брадигабуда нарын газраас дээш гарсан дияаны цогц огоот арилсан билэг билгүүний их гэрэл гэгээний орноо орших тул орныхоо байдлаар “Гэрэлт” хэмээх нэршил олжээ.

4.“ГЭРЭЛ ЦАЦРАХ” хэмээх дөрөвдүгээр газрын бодьсадва нар “буман” амьтны тусыг нэг агшинд мэдэрч тэдэнд тусална.
Энэ орны бодьсадва нар бие, амиа үл харгалзан өөрөө ч эшийн номд бүх хүчээрээ шамдах бөгөөд бусад шавь нугуудыг номын гэгээгээр ариусган цэнгэлдэж үйлдэх учир шалтгаанаар тус бодьсадва нарын орон нь “Гэрэл цацрах” гэсэн нэрийг олжээ. Энэ орон нь хаа нэг ертөнцийн мухарт бус бодьсадвагийн сэтгэлд оршино.
Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр газар нь бодьсадва нар нь бодьсадвагийн номыг үзүүлэхийн үүднээс өөрийн хувийн нисваанисын түйтгэр ба мэдэгдхүүний түйтгэр хоёрыг шатааж үйлдэгч билгүүний гэрэл цацарсан бодь хутгийг эрхшээсэн байх ажгуу.

5.“МАШ СУДЛАХАД БЭРХ” хэмээх тавдугаар газрын бодьсадва нар эгшин зуур “сая” амьтны тусыг бүтээнэ.
Энэ орны бодьсадва нар нь шравака ба брадигабудда нарын газраас дээш гарсан хутагтын дөрвөн үнэнг бясалгаж, орчлон хийгээд энэ ертөнцийн зовлонгоос гарч нөгчсөн хоёуланд үл оршсон билгийг огоот арилган үйлдэхийг судлан бясалгах ажгуу. Энэ нь судлахад маш бэрх тул тэр газарт бодьсадвагийн бясалгал маш бэрх ажгуу. Ийм ч учраас энэ бэрхшээлтэйгээс нь үүдэн тус орны нэрийг “Маш судлахад бэрх” хэмээн нэршжээ.

6. “ИЛТЭД ҮЗЭГЧ” хэмээх зургаадугаар газрын газрын бодьсадва нар “живаа” амьтанд агшин зуур тусална.
Энэ нь билгийн чанад хүрсэнд шүтэж, орчлон ба нирваан хоёуланд нь үл орших бөгөөд билэг үгүйд өөрөө аяндаа орхуй билэг билэгт олонтой орших бөгөөд бүхнийг илтэд болгоосон тул “Илтэд үзэгч” буюу “тодорхой үзэгч” хэмээн нэрлэгджээ.

7.“ХОЛД ОДОГЧ” хэмээх долоодугаар газрын бодьсадва нар “дүнчүүр” амьтны зовлонг мэдэж агшин зуурт төдийчинээ амьтанд тусалж чадах ажээ.
Энэ нь Билэг үгүйд зорчих нэгэнд болсон зам лугаа ойртсон бөгөөд шравака, брадигабудда нарын газраас холд хүрсэн тул “Холд одогч” хэмээн нэрлэгджээ. Холд одохуй орны бодьсадва нар мөрийг өнө удаан бясалгасанд шүтэж, билэг, хичээхүй сэлтийн мөрийн туйл лугаа нэгэн зорчилт мөр хоёрыг барилдуулсны учир шалтгаанаар тийн өгүүлсэн болой.

8.“ҮЛ ХӨДЛӨХ” хэмээх наймдугаар газар нь: билэг, хуран мэдэл хийгээд билэг үгүйд хичээхүй хуран мэдэл хоёулангаар нь хөдөлгөж үл чадах тул Үл хөдөлхүй гэнэ.

**9.”САЙН ОЮУТ” **хэмээх есдүгээр газар нь: энэхүү орны эрдэмд тус тус үнэхээр гүн утгыг ухаж танин мэдэхүйг сайтар олсны тул оюун ухааны чадвараар бусдаас үлэмж хэтэрсэн тул Сайн оюунт гэнэ.

10..”НОМЫН ҮҮЛ” хэмээх аравдугаар, дээрх гурван газрын бодьсадва нар нь “хэмжээ хязгааргүй” олон амьтанд тусалж, цаглашгүй олон хувилж, хаа хамаагүй хүссэн газартаа агшин зуурт хүрч чаддаг. Мөн үүнд Аравдугаар газар нь: тогтоол ба дияан бүхэнд ч үүл лүгээ адил үйлчлэн түгсэн бөгөөд сонсхуй ном огторгуй лугаа адилд үйлчлэн түгсэн тул Номын үүл гэнэ. Үлгэрлэвээс: Огторгуйд хурын үүл хуралдаж аадар бороо асгаран орсноос өвс ургамал, ургац ногоо, зүйл бүрийн цэцэг дэлгэрэхтэй адил аравдугаар газрын бодьсадвагийн үйлс бүтээл, энэрэхүй сайхан хайр, дотоод сэтгэлийн үзэсгэлэн гоо нь хамаг амьтны тусыг хязгааргүй бүтээх агуу увдистай ажгуу. Аравдугаар газрын бодьсадва нарын хувьд амьтанд туслах талаар хамгийн дээд чадвартайд тооцогдох ба хүссэн бүхэнд шууд өглөгөөр болон аливаа амьтан бүхэнд номын өглөгөөр тусыг бүтээнэ. Мөн энэ насны хэрэгцээг төдийгүй хойд насны аз жаргалыг давхар бүтээнэ.

Ийм ч учраас сүүлчийн гурван газрыг Арилсан ( НҮГЭЛ ХИЛЭНЦЭЭС АРИЛСАН ) гурван орон буюу “БУРХАНЫ ГАЗАР” гэж хэлэх явдал ч бий. Харин эхний долоог нь Арилаагүй долоон орон гэдэг. Бурхан бүхний мэлмийн хараа Арилсан орны зүгт хандсан байдаг нь нүглээс ангижирсан ариун дагшин оронд тэд асар их хүсэл эрмэлзлэлээр тэмүүлж байгаагаас тэр бүлгээ. Бурхдын хүсэл тэмүүлэл гэдэг бол ертөнцийн шуналын буртгаас хагацсан жинхэнэ төгс төгөлдөр оюунлаг билгүүнийг эзэмшихийг зорьсон тэмүүлэл буюу.

Мөн бодьсадва нар арван зүйлийн эрх мэдлийг эрхшээсэн байдаг тухай өгүүлье. Үүнд,

1. Насны эрхтэй. Үүний тулд бодьсадва нар хүссэнээрээ урт насалж чадна. Өөрөөр хэлбэл, энэ төрөлдөө амьтны тусыг бүтээх үйлсээ дуусгаагүй байна гэж үзвэл насаа уртасгаж чаддаг явдал юм.

2. Сэтгэлийн эрхтэй. Бодь сэтгэлийг эрхшээж хамаг амьтнаа тусалж чаддаг.

3. Эдийн эрхтэй. Эд хөрөнгө санасан хүслээр нь заяадаг.

4. Үйлэнд эрхтэй. Үйлс явдлыг гайхамшигтай бүтээдэг.

5. Төрөлд эрхтэй. Хувилгаанаар дахин дахин төрөл авдаг.

6. Номонд эрхтэй. Бурханы сургаалыг эзэмшээд улмаар амьдралын явдал мөр болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, сонсох, санах, бясалгах гурван эрдэмд төгөлдөржсөн байдаг.

7. Ерөөлд эрхтэй. Хамаг амьтны тусын тулд судар, тарнийн уншлага номонд хамаг амьтанд зориулга ерөөл тавих ба түүний бүхий л зориулга ерөөл нь биелдэг.

8. Рид хувилгаанд эрхтэй. Ид шид, рид хувилгааныг үзүүлж чаддаг. Ид шид хэмээгч нь нүдэнд үзэгдэх илт байхаасаа ихэнх нь эглийн нүдэнд үзэгдэхгүй хирнээ бусдад гайхамшигт тусыг бүтээх явдал ч байж болохыг энд тодруулж болох юм.

9. Бишрэлд эрхтэй. Гүн сүсэг бишрэлтэй байх ба гүн сүсгийн хүчээр амьтны тусыг төдий чинээ бүтээдэг. Агуу гүн бишрэл, сүсэг дээр Бурханы шашин оршин тогтнох ба энэ хүчийг эрхшээх нь бодьсадва нарын гол эрдмийн нэг болох нь ойлгомжтой.

10. Билэг билэг буюу Бурханы билгүүн ухааныг бүрэн төгс эзэмшиж гэгээрэлд хүрсэн байна. Энэ бол хамгийн гол зүйл бөгөөд Бурханы билгүүн ухааныг эзэмшинэ гэдэг нь гэгэээрэлд хүрсний нэг баталгаа билээ.

Ийм арван эрдэм төгөлдөр байж амьтны тусыг сая бүтээх бодьсадва болдог.

Бичсэн: Төгсбаясгалант

  • ЗочинJanuary 24, 2012

    Арван газрын тухай анхны ойлголттой болсон доо баяртай байна Хамаг амьтны тусыг бүтээгч арван газарт байгаа удахгүй бурханы хутгийг олох бодисадва нарын буянд даган баясъя.

  • ЗочинJune 24, 2012

    Mash saihan medeelel avsandaa ix bayartai baina.Ulam olon saihan zvil tav'j ,medleg olj avaxaas gadna setgelee ariusgaj,setgeliinxee xir burtgaas angijiraxad tuslaj byid gvn talarxlaa ilerxiileed,ta bvgdiin buyani ariun vilsd dagan bayasaya.Amjilt xvs'e.Bayarlalaa.

  • ЗочинJuly 11, 2012

    bodisadva nariin buyand dagan bayasya yamar ih buyanaar bodisadva boldog bol uneheer bishirch baina shu. yamar saihan yum ve amitani tusig buteene gedeg.odoo bid uurtuu ch tusalj chadahgui baigaa shuu dee. muu uil huraaj nugel nilentsee nemj zovlongiin undesee nemj amidarch baidag bilee .amitan bugd sain saihan uild shamdah boltugai. aguu ihheer buyanig huraah boltugai...ertuntsiin hamag amitan bodisadva boloh boltugai

  • ЗочинSeptember 17, 2012

    Bodisadva nar bolood ta bugdiin amitand tuslah setgeld tani dagan bayasaya.

  • ЗочинMarch 18, 2013

    Bodisadva nar bolood ta bugdiin amitand tuslah setgeld tani dagan bayasaya.

  • odonnyamApril 5, 2013

    Яаж бурхан, бодьсадва болсон бэ? Энэ бүхний суурь нь нигүүлсэнгүй сэтгэл,үүнийгээ л хөгжүүлэх хэрэгтэй. Хэн нэгэн чамд чи тэдэн галвын дараа гэгээрнэ, бурхан болно гэсэн ч хамаагүй нигүүлсэнгүй сэтгэлээ орхиж болохгүй гэж багш маань айлдаж байсан юм. Бодьсадва нар тоолшгүй олон галвын турш огтхон ч уйсалгүйгээр амьтны тусыг хичээдэг билээ. Тарнийн ёсоор бясалгал бүтээл хийж гэгээрэх, бурхан болно гэдэг нь их л ховор, гэхдээ байж болох зүйл. Тарнийн ёсоор явна уу, судрын ёсоор явна уу, нигүүлсэнгүй сэтгэлээ л сайтар хөгжүүлээрэй. Учир нь бодь сэтгэлийн суурь нь нигүүлсэнгүй сэтгэлд тулна. Сууриа зөв тавихгүйгээр бурхан бясалгаад бүтээгээд байвал тэр бурханыхаа дүрсэнд ургасан хэлбэр л болох юмдаа. Ид шид гэдэг гайхамшигтай зүйл биш, харин бодьсадва нарын тэр нигүүлсэнгүй сэтгэл гэдэг нь өөрийн эрхгүй хүндэлж бишрэм, сөхрөөд мөргөмөөр аугаа гайхамшиг.

  • ЗочинApril 8, 2013

    яасан сайхан юм бэ. миний эргэн тойронд хэр их олон бодисадба байдаг бол. байнга ойрхон байж сургаал номлолийг сонсох юмсан даа.

  • ЗочинMay 31, 2013

    арван зүгийн,гурван цагийн бүх бурхад бодисадын өлмийд мөргөмү.

  • ЗочинJuly 25, 2013

    Лама Идам Гончигсумла Жавсу Чой

  • ЗочинAugust 12, 2013

    Үнэхээр их сэтгэл хөдөллөө. Биднийгээ цаг үргэлж өршөөл нигүүслээрээ ивээж байдаг бүх цаг үеийн бурхад,онгод сахиусан тэнгэрүүдийн хүчинд сөгдөн залбирюу. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг өөрийн бие сэтгэлд төлөвлөшүүлэхийг машид хүсэмжилнэ

Бусад мэдээлэл