2012-09-19 | Нийтэлсэн:admin | Үзсэн:12364
/Зориулсан мах цээрлэх ёсон оршив/
Эрдэнэ лам их нигүүлсэгчдээ мөргөмү.
Эртний үйлээр мал болон төрсөн хийгээд
Эдүгээгийн үйлээр мал болон төрж болох ба
Ээлжилж хүн лүгээ мал болон төрөгчдийг
Энэрэхүйгээр удирд лам Аръяабало.
Эдүгээ орон цагийн эрхээр амин үл таслах арга үгүй хэмээгчин ба
Энэ мэт бичихүйд хэрэг юун буй хэмээн өгүүлэгчид
Эгүнийг үл дурших тул үл үзэхийг үзмүй.
Эдүгээ бас буян хийгээд нүглийн үйл ямар
Эндүү гэм юуг үйлдвээс муу заяанаа унах
Эрхэлж ямар буян бүтээвээс амар заяаныг олох хэмээн сэтгэгчид
Эрдэнэ судар шастирыг гэрч болгон агуулж
Эрхин шударга оюунаар шинжилж үзэхийг айлтгамуй.
Эрт нэгэн оронд нэгэн тойн ийн сэтгэрүүн:
Эдүгээ би бээр чөлөөт хүний биеийг олсон үүнийг хайрлан тэтгэж урт наслуулан ном буюу ертөнцийн үйл бүтээхүйд идээ ундааныг эдлэх хэрэгтэйгээр үл барам эрх үгүй мах идэх хэрэгтэй бөгөөд түүнийг худалдаж авах хэмээвээс гарлага нь их тул мал худалдаж аваад алуулж идэх буюу өөрийн малаас алуулаад арьсыг худалдаж махыг нь идвээс хонжоотой буюу хэмээн санаад ямаа, хонь, үхэр гурвыг алуулж идэшлэхийн тул хашааны дэргэд уяж агсанд нь ямаа нь хоёр нөхөддөө өгүүлрүүн:
Энэ тойнд биднийг өлсөн өлстөл юуны тул уянам хэмээсэнд үхэр өгүүлрүүн:
Тойн ус түлээ авах хэрэг болсон буй за хэмээвээс Ямаа өгүүлрүүн:
Чиний хүчин ихийн тул ачлаганд хэрэглэхээр уясан ч буй за. Намайг эм бөгөөс сүүг саахын тул атал би эр бөгөөд юунд уянам. Хонь өгүүлрүүн:
Би дотор өлсөөд хүйтэн газарт хөл даарч үл тэсэх зовлонг эдлэхээс бус сэжиг үгүй. Юун хэмээвээс энэ тойн нигүүлсэхүйт Бурхан багшийн шавь бөгөөд шашиныг баригчийн манлай мөн. Тэр анх Бурханы шавь болж шашинд орохын цагт итгэлийн суртал сахихыг ам авсан буй. Түүний сурталын эрхин нь амьтныг хорлох хөнөөхийг цээрлэх мөний тул сэжиглэхийн хэрэггүй, биднийг үл хорлох нь магад хэмээвээс Ямаа өгүүлрүүн: Тийн бөгөөс юунд уянам.
Үхэр өгүүлрүүн:
Миний сэтгэл их зовох үгүй буй. Нэгд эдгээр тойд өдөр бүр Бурханд итгэмой хэмээн айлдаж, итгэлийн суртал сахидаг тул биднийг хорлох үгүй. Хоёрт хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай. Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай хэмээн нүдээ аниад алгаа хавсран айлдаж байдаг тул бидэнд нэгэн жаргалан болох аргыг санаж буй за. Гуравт тэдгээр нь бодисавагийн санваарыг ам авснаар үл барам, өдөр бүр хамаг амьтныг би бээр зочилсугай хэмээн айлдаж бүхийн тул бид мэт амьтны тулд өөрийн амь биеэ ч талбихаас өөр ангид өөрийн бие амины тулд амьтныг үл хорлох нь магад. Бурханы шавь нар байтугай, алиа муу чөтгөд ч ам авсан лугаа санасаар харшлах үгүй ёстой тул маргааш наран ургах цагт биднийг ус өвсөнд тавимуй хэмээв. Ямаа өгүүлрүүн: Хай, ер юунд уянам. Хонь өгүүлрүүн:
Ямаа чи бүү сэжиглэ. Бурханы шавь нар гэлэн, гэцэл тэд болвоос, биднийг орчлонгоос гэтэлгэгч авралын орон мөний тул амины аюул тэргүүтэн зовлонг арилгахаас өөр хорлол огт үйлдэх үгүй. Тэдгээр тойдод гэмгүй амьтны өр зүрхийг хядуулах ширүүн сэтгэл огт үгүй. Хэрэв тийм болвоос тэр нь их муу ёр буй. Амьтны амь нядлагч тэр болвоос яргач ёсон бөлгөө. Ай ямаа чи, тойн хуврагуудыг бүү хочил хэмээвэй. Тэндээс үүр цайж, наран бүлээдэх цагт гаднаас нэгэн хар хүн тойны гэрт ирэхийг ямаа чихээ чагнаваас Тойн өгүүлрүүн:
Миний идэш хийхээр авч ирсэн ямаа, хонь, үхэр гурав хашааны дэргэд уяатай байнам. Ярагч чи төхөөрч өгөх хэрэгтэй хэмээвээс яргач өгүүлрүүн:
Ламын зоогийг би төхөөрөх нь зөв бөгөөтөл чөлөө үгүй бөлгөө. Бусдад зарлиг болтугай хэмээсэнд Тойн өгүүлрүүн:
Ай таныг байтал, тойн хүн би амьтныг алах уу. Чи хэрхэвч тэр гурвыг алж өгтүгэй хэмээвээс яргач өгүүлрүүн:
Ламыг тэр мэт зорьж айлдах бөгөөс үл алах арга үгүй болбой. Тийн боловч өчүүхэн хүлээ. Би гэрээс үхрийн толгой дэлдэх сүх хийгээд ямаа, хонь алах хутга авч ирсүгэй. Лам бээр үхэр хүлэх дээс хийгээд цус авах сав бэлд хэмээв.
Тойн өгүүлрүүн: Оо сайн, би бүгдийг бэлдсүгэй. Чи түргэн ир хэмээжээ. Төдий тойн яргачин хоёр хэлэлцэхийг ямаа сонсоод хоёр нөхөддөө өгүүлсэнд, гурвуул гаслалцаж аминаас хайртай юу ч үгүй тул машид айж гунихраад нулимс асгарсаар бүхий үед тойн бээр алагдахуун гурвын тарган эцэнхийг үзэхийн тул чавир юугаан хавчуулаад эрхээ тоолсоор ирэхүйд тэр гурав тойноос машид айн сүрдэхүйгээр ширвэлзэн чихээ буулгаж, бие нь чичрэн уйлсаар өр зүрхэн өвдөх мэт өчүүхэн дуугаар ийн өгүүлрүүн: Тойн оо, бид гурвуул ямар ч гэм эс үйлдсэн бөгөөтөл мөнхүү эдүгээ алуулнам хэмээгч үнэн буюу хэмээсэнд Тойн өгүүлрүүн:
Та нугууд гэм үйлдсэн үгүй боловч таныг эс албаас надад идэх юм үгүй тул алах хэрэгтэй болов. Ямаа өгүүлрүүн:
Та итгэлийн сурталд амьтныг хорлох хөнөөхийг тэвчих хэмээн Бурханы өмнө ам аваад биднийг хорлож болох буюу. Тойн өгүүлрүүн:
Тэр үнэн атал орон цагийн эрх мөний тул арга үгүй буй. Үхэр өгүүлрүүн:
Орон цагийн эрхэнд гэмийг тохож муу заяанд одохыг үл хайхрах буюу.Тойн өгүүлрүүн: Амьтныг эс албаас идэх юм үл олдох тул арга үгүй байнам хэмээв. Ямаа өгүүлрүүн: Энэ оронд амьтныг үл алагч олон буй тул тэд бүгд өлсөж үхдэг буюу. Хонь өгүүлрүүн:
Бид тэргүүлшгүйгээс таны ачит эцэг эх тоолшгүй олон болсон бөгөөд эцэг эх болох бүрд цаглашгүй ачаар асран тэтгэсэн ёсыг Бурхан багш номлосон бус буюу ачит эцэг эхийг алан чадагч тойн байдаг буюу. Аврал үгүй, итгэл үгүй гаслант биднийг асран хайрлалгүй гагцхүү идшийн тул алуулах болбоос Бурханы эл шарын дувазыг хэдэрсэн хэрэг тань юун буй. Бурханы зарлигийг итгэх бөгөөс гаслант биднийг алуул үгүй тавин соёрх. Бас Үхэр өгүүлрүүн:
Бид адгуус мөний тул биднийг албаас танд амьтныг алсан ял энэ насанд болох үгүй боловч амьтныг алуулсан цаглашгүй хүчир үйл хураах болох тул биднийг тавин соёрх хэмээн өчсөнд Тойн өгүүлрүүн: Таныг алснаар ямар гэм ял болох буй. Амьтныг алуулагч гагц би бус. Эдүгээ цагийн лам, гэвш, мэргэд ба тойн хуврагууд идэшний тул олон адгуусан амьтныг алуулбаас бээр түүнийг хэн хүмүүн гэмд үзэл үгүй еэ, харин сүсэглэсээр байх тул алавч гэм үгүйд магад. Үхэр өгүүлрүүн:
Буян нүглийн үйл үр бүхнийг илэрхий айлдагч гагцхүү Бурхан мөн тул хамгийг айлдагч хэмээсэн буй за. Эдүгээ цагийн лам гэвш хэмээн нэрийдэгчдийн үйл явдал мэдэш үгүй. Өндөр суудалтай мэргэд лам нарын айлдсан үйл бүхэн хилэнц үл болох хэмээвээс харин дээд номыг тэвчсэн муу үйл олонх мэргэдэд болох нь ойр. Сүсэгтний хийгээд нөхцөгсдийн хүнд эдийг хураасан өр төлөөс олонх лам нарт болох нь ойр. Түүгээр бөгөөс их хийдийн гэвшийн хуурай нэр барьсан тойн дүрт заримууд дөрвөн цаг бүхэнд амьтныг алуулж махыг идэхүй хэтэрснээр өр төлөөсний муу бие тэр нь үлээсэн тулам мэт таргалсанд гайхамшигт тансаг эрдэм олсон мэт эрэмшиж үзсэн сонссон бүгдийг дайран өгүүлэгч тэр нь хэвлий юүгээн цадсан ичгүүр үгүй нохой гахайн жам ёсон лугаа нийлэх тул түүний үйл явдлыг дууриаж амьтныг алах нь огт үл зохимуй. Товчилбоос тойн чи бээр өөр бусдын тус буюу шашин хуврагийн тул ба хэний ч тул биднийг алуулбаас анх итгэлийн суртал лугаа харшлаад тэндээс өөрийн ам авсан ангид тонилгогч бодисатва, нууц тарнийн санваар лугаа харшлахын тул хамаг номын ёсон лугаа харшлах буй. Түүгээр энэ хойт хоёрт ер сайн үгүй тул бидний амийг авран соёрх хэмээн өчвөөс
Тойн өгүүлрүүн:
Эдүгээ та нар юун хэмээн өгүүлэвч би бээр алуулах амуй. Таныг алсан хилэнц их боловч арилгах арга гүн тогтоол тарни буй. Түүгээр л таныг алуулж махыг идээд гүн тогтоол тарни хийгээд Бурханы нэр ба ерөөл уншиж өөрийн хилэнцийг арилгаад танд ч туслах болмуй хэмээв. Төдий ямаа өгүүлрүүн:
Нигүүлсэхүйт Бурхан багш бээр бидний тул сэтгэшгүй адистай гүн тогтоол тарни зарлиг болсон нь маш олон буй бөгөөтөл тэр бүгдийг тангараг санваар лугаа төгсөгсөд бээр бүтээвээс ач тус нь номлосон ёсоор болох магад буй за. Амьтныг хорлож үл болох учир шалтгааныг сонссоор мэдсээр бөгөөтөл хайхрал үгүй алуулагч чиний мэтэд адагтаа итгэлийн суртал ч үгүй тул ариун санваар хаана буй. Цалгай шагшаабадтанд нууц тарни бүтэх үгүй хэмээн Бурхан номлосны тул чи бээр нууц тарни хэдий чинээ уривч итгэлийн суртал алдсаны тул тарни бүтэх байтугай, дотоод номтноо багтах нь бэрх буй. Чиний гэм үгүй амьтныг мэдсээр алуулахыг шинжилбээс асрахуй нигүүлсэхүй үнэрийн төдий ч үгүй нь магад. Асрахуй нигүүлсэхүй үгүй болбоос их хөлгөний ямар ч ном үл бүтэх байтал нууц тарнийг юун өгүүлэх. Ялангуяа Ядам бурханы зүрхэн тарни урихуйд тангараг ариун хэрэгтэй бөгөөд тарнийн ёгозари болбоос амин таслах, эс өгснийг авах, буруу хурьцал, худал өгүүлэх, архи уух тавыг амин лугаа холбож цээрлэх тарнийн тангараг хэмээн номлосны тул болой. Бас ч та тойд нар буяны үйлсийг бүтээгээд түүний сүүлд ерөөлөөр зориулах нь барилдлагатай болохул ялгуусны таалал бөлгөө. Амьтныг алуулж нүгэл хилэнц үйлдээд ерөөл унших нь асар барилдлага үгүйн дээр бэлгэ ч үл зохих бөгөөд бусад орны мэргэдийн сонорт сонствоос инээдмийн орон болохын тул биднийг алуулал үгүй тавин соёрх хэмээв.
Үүнээ ийн өгүүлсүгэй: Энэ болбоос амьтныг алахыг хорихын тул эсэргүүцэх элдэв ухааныг өгүүлсэн буй за. Амьтныг алсан хилэнц арилгахын тул гүн тогтоол тарни хийгэээд ерөөл уншихуйд ач тус үгүй хэмээн хочилсон бус болой. Тэндээс Тойн өгүүлрүүн: Та нарыг хар хүн алах тул хилэнц нь түүнд болмуй за. Би авах үгүй биш үү. Хонь өгүүлрүүн:
Хэрхэвч алах хэрэгтэй болбоос тойн чи өөрөө албаас зохимуй. Хар хүнд бүү алуул. Учир нь юун буй хэмээвээс, өөрөө алсан хийгээд бусдад алуулсан хоёр авь адил хэмээн Бурхан номлосны тул бусдад алуулбаас чамд амь тасалсан хилэнц бүрэн болохын дээр бусдад хилэнц хураалгасан хоёр нүгэл болох бөгөөд алагч хүн ч амьтныг алсан хилэнц бүрэн хураах тул гурван нүгэл болмуй. Чи өөрөө албаас гагц нүгэл болох тул тэр нь дээр. Биднийг чи өөрөө албаас гагц чамд амины төлөөс болмуй. Бусдад алуулбаас чам лугаа алагч хийгээд нөгчигч бүхэн амины төлөөс болгох учиртай тул орчлонгийн хүрдэн барагдах хязгаар үгүй болъюу. Тиймийн тул алах хэрэгтэй болбоос алагдахуй хэмээв. Тойн өгүүлрүүн:
Би ч гагцаар алуулсан бус. Миний хань нөхөд бүгдээр үйлдсэн мөний тул надад гэм үгүй хэмээвээс хонь өгүүлрүүн:
Тэр ч ялгал үгүй нөхөд бээр юу үйлдэхийг эс мэдсэн бөгөөс гэм үгүй атал, нөхдийн үйлдсэнийг мэдсээр бөгөөтөл няцуулал үгүйеэ зөвшөөн аваад махыг нийт идсэнээр амин тасалсан үйлийг ч нийтэд хураамуй. Адилтгаваас нэгэн хүний үхрийг бусдын хөвгүүн алаад өөрийн эцэгт түүний махыг өгвөөс, эцэг нь мэдсээр аваад түүгээр амьдарваас, хойно хаан бээр цаазлахын цагт эцгийг нь гэм үгүй хэмээн үл тавимуй. Эцэг хөвгүүн бүгдийг цаазлах лугаа адил буй. Хөгшин чоно нүхэндээ оршоод залуус нь хонь алж өгсөн лүгээ ёсон нь адил болмуй.
Үхэр өгүүлрүүн:
Бидний биед заяаны үйлээр оршсон олон түмэн тоот амьтан буй хэмээн Бурхан номлосны тул биднийг алахуйд тэдгээр бүгд нэгэн хамт үхэх болмуй. Тойн чи бээр тэр бүгдийн амины төлөөс хариулах тэргүүтэн цаглашгүй үйлийн боловсрол эдлэх хэрэгтэй болъюу. Бас зарим хүн өөрийн гай зэтгэр хариулах буюу лам нарын шавдан мэтэд зорьж Ганжуур буюу Юүм тэргүүтнийг хуруулж элдэв үйлсийг бүтээлгэхийн тулд олон тойн хуврагуудыг залж дуган дотроо чуулахуй лугаа сацуу тэдний цавын тулд алагдах үхэр хонь тэргүүтэн олон мал гадна цуглараад дотор олон хувраг ном унших дууны чимээ хийгээд гадна алагдах амьтны цуугиа чимээ хоёр тэнсэлдэх мэт болсноор бурхан бодисатва нарын алтан сонорт сонсдох болоод тэдгээр чуулсан олон хуврагийн ойр орчин бүхэнд газар дэлхий цус сэвсээр дүүргээд алагдсан амьтны үс яс бутран тархсанд мах идэгч олон нохой шувуу хэрэлдэн шуугиж байгч тэр нь, адилтгаваас Энэтхэг дэх их үхээрийн орон мэт буюу. Цэрэг байлдсан газар мэт жийрхэмшигтэй нэгэн болсныг үзэж айлдваас аяа хайран ном, аяа хайран хувраг, аяа хөөрхий гэм үгүй адгуусан амьтныг номд шалтаж хүсэл шуналаар махыг идэхийн тул олон амьтны хайрт амин голыг таслах энэ болбоос номд шүтсэн ахуй их хилэнц хураасны тул бид бээр зовлонгоос аврах аргыг үл олох хэмээн сэтгэлээ чилээж ихэд гуниж айлдах болъюу. Тэр мэт ном бүтээхийн тул алсанд тийм гэм алдал болох бөгөөс зүгээр идэхийн тул алахыг юун өгүүлэх, түүгээр эл биднийг алалгүй тавин соёрх хэмээв.
Ямаа өгүүлрүүн:
Эдүгээ олон хэлэлцэх хэрэг үгүй. Тойн чи бээр Бурханы шавь ажгуу. Бидний үзэгч тэр бүгд Бурханы номлосон гурван аймаг саваас гарсан мөнийг чи бээр мэдсээр тул эдүгээ санаа бодлого эргэцүүлж алахыг зогсвоос зол маань буй за. Хэрэв бидний өгүүлсэн үгсийн утгыг мэдсээр бөгөөтөл үл тавих болбоос чамд Бурхан өөрөө бодитой өөд болж/заларч/ няцуулан айлдваас хэрэг үл бүтэх нь магад тул өөрийн зоргоор болтугай хэмээв.
Тойн өгүүлрүүн:
Таны өгүүлсэн тэр бүгдийн олонхи үнэний тул хойно амь таслахыг аль чадахуй бээр цээрлэсүгэй. Эдүгээ үл алах арга үгүй хэмээсэнд, үхэр бээр эдүгээ яавч тавих үгүй болбой хэмээн санаад хилэгнэж өгүүлрүүн:
Одоо чи эдүгээ намайг алтугай. Ирээдүйд би бээр чамайгаа адагтаа таван зуун төрөл хүртэл алах учиртай болмуй. Би бээр буруу ерөөл тавьж үл болох боловч үйл үрийн боловсрох жам ёсыг хэн бээр ч хорьж чадах үгүй. Эрт гучин хоёр хулгайчин нэгэн эхнэр алсны төлөөсөнд тэр эхнэр таван зуун төрөл хүртэл гучин хоёр хөвгүүний толгойг огтолсон домог хийгээд, итгэл Нагаржунай багш олон галавын урьд нэгэн тариачны төрлийг авсан үедээ тарианы хадахуй цагт өвсөнд наалдсан хорхойн хүзүүг хадуураар тасалсны үр боловсроогүй явсны төлөөсөнд тэр хорхойн төрөлт нэгэн хүн итгэл Нагаржунайгийн тэргүүнийг огтолсон домог хийгээд Марва хэлмэрчийн хөвгүүн Дарма Додэ хэмээх их ёгозари эрт олон галавын урьд есөн өндөг эвдсэн үйлийн төлөөсөн боловсорч моринд өшгөлүүлээд тэргүүн нь олон хэсэг хагарч ажирсан тэргүүтэн тоолшгүй буйгийн тул чамд муу үйлийн мэс эргэхийн цагт бидэн мэс итгэл аврал үгүй, өмөг садан үгүй магад болмуй чи хэмээн өгүүлээд шуухиран санаа алдсаар бүхийн үед яргач хүрч ирээд үхрийн дэргэд сүх юүгээ газарт хаяад, дөрвөн хөлийг дээсээр чанга хүлж, дотроос ури нь бадран царай нь маш муухай болоод үхрийн санаанд эрлэгийн элч хүрч ирсэн мэтийн үзэгдэл урган хайрт аминдаа тачаах хийгээд айн сүрдэхийн зовлон нь зүрхэн хагарах мэт болон чихээ буулгаж нүд нь хөхрөөд хамар амнаас нь шүлс цувиран хөл нь дайвалзан бие нь догдлон чичирсээр бүхүйд ярагч бээр балт сүх юүгээ аваад гарын хүчин хэдий чинээгээр үхрийн толгойг хэдэнтээ дэлдсэнээр үхрийн тархи олон хэсэг хагарахуйд сэтгэшгүй их зовлонг амсаад
“ОО” хэмээн бархирах зовлонгийн их дууныг гаргасаар бүхий бие нь дайвалзан хөсөр унаж хоцорвой. Тэр цагт үхрийн бархирахуй муу дуун нь арван зүгийн Бурхан бодисатва нарын сонорт сонствой. Тэдгээр нь өдөр шөнийн зургаан цагт зургаан зүйл хамаг амьтныг жаргах зовох, сайжрах муужрахыг нигүүлсэхүйн нүдээр насад айлдаж үзэх номын чанар мөний тул алагч алагдахуун хоёрын жам ёсыг айлдаж үзвээс ертөнцийн оронд Бурхан Шигүминийн шавь болон ам авсан тойны дүрст нэгэн бээр эх болсон амьтныг алуулсны бархирахуй муу дуун ажуу хэмээн айлдаж мэдээд аяа /хэмээн/ халаглан дуусвай.
Энэ тойн болвоос тэргүүлшгүйгээс амин таслах тэргүүтэн нүглийн үйлийг эрхлэн үйлдсэнээр муу заяанд, харанхуйгаас харанхуйд төрж зовсоныг, эдүгээ бидэн ихэд алжаахуй бээр муу заяанаас тонилгогч хүнийн шүтээнээ зохиосноор олон түмэн галавт учрахуй бэрх Бурханы шашин эрдэнэ бүрэн болоод эндүүрэл үгүй мөрийн захаас барьж Бурханд итгэл явуулаад зарлиг зарчмыг авсан цагт одоо ийм нэрт хүн энэ өдөр сайн болов. Эдүгээгээс хойш юун үйлдэхийг Бурханы зарлиг зарчмын ёсоор явбаас муу заяаны үүднийг хаагаад өндөр язгуур хийгээд нирвааны үүдийг нээж амгалангаас амгаланд одохын үндсийг байгуулаад, ялж төгс нөгчсөн Бурханы орныг чадахуй ядан орогчин болвой хэмээн айлдсан хийгээд бодисатва нар ч нэгэн хань нөхрийг олвой хэмээн ихэд баясан бөгөөтөл гэнэтэд муу бачит шимнүгийн үйлээр ийм их хүчтэй хилэнцийг хурааж энэ мэтэд их сүйд уршиг болвой зэ. Энэ тойн болвоос ам авсан номын ёсон бүхэн лугаа харшлаад хамаг Бурхан бээр аварч үл болохын орон болж тонилшгүй их халилд унах муу үйлийг хураасны тул ер сайн үгүй болой. Үүгээр эрх үгүй аюумшигт муу заяанд унах бөгөөд хэрэв хүн болон төрвөөс бээр өвчин зовлон элбэг, амь насан ахар, хорлол хөнөөл олон болох үйл үрийн тийн боловсрол амсахыг няцуулах арга үгүйн тул Бурхан бодисадва нар энэ мэтийг үзсээр айлдсаар бөгөөтөл сэтгэл чилж гунихаас бус үйлдэх арга барагдмуй хэмээжээ. Түүнчлэн ямаа, хонь хоёрыг ч яргач бээр өвчүүний арьсыг хурц хутгаар хагалаад хэнхдэг цээж дотор гарыг оруулж хурц хумсаар маш хайртай амин судсыг махчилан таслахуйд сэтгэшгүй зовлон амсаад нулимсаар дүүрсэн нүдээр яргачны царайг ширтэн харсаар, аврагч аврал эгээрэл үгүй болон хатуу ширүүн зовлонг амссаар үхэж хаана одох болзоо үгүй бөгөөд буянт сэтгэл илрэх эс болсноор амар заяаны зуурд бүтэхийн орон үгүй. Маш жийрхэмшигт муу заяаны зуурд бүтэж ёроол хязгааргүй зовлонгийн далайд унах ёсыг санаваас тэсгэшгүй болой. Товчилбоос ялж төгс нөгчсөн Бурхан ийн хэмээн амьтныг хорлон үйлдвээс намайг хорлосон бөгөөд амьтныг баясган үйлдвээс намайг баясгасан больюу хэмээн номлосны тул тэр ч амьтныг хорлосноор Бурхан бодисатда нарыг хорлохуй хилэнц хураасан болох тул өөрийн сайн жаргалан бүхнийг товрог болгосон болой.
Тэр мэт номын ёсыг мэдэж өөрөө итгэлийн суртал тэргүүтэн аль ам авсан тангараг санваарыг ёсчлон сахиад амь хорлохыг тэвчвээс өөр бусад хамаг амьтны тус жаргалангийн шүтээн болох магад бөлгөө. Төдий тэдгээр алагдсан адгуусны хүүрнүүд газарт өмхийрч цусны урсгал нүдээ эргүүлэн хөхөрч, хамар амнаас нь шүлс, цус асгаран шүд нь ярзайгаад амаар шороо өмхөж бүхүйд түүгээр насан ахар болохын шалтгаан нь амьтны амь таслахуй энэ мөний тул тойн чи бээр насны эцэст хүрэлгүйеэ даруй үхээд, хайрлан тэтгэсэн энэ биеийг үхээр дотор орхихын цагт эдүгээ муу байдал лугаа мөн адил болмуй. Эдүгээ бидний мах цус, гэдэс дотрыг та хүн нөхөд идэж дураар цэнгэсэн, түүнчлэн удал үгүй таны мах цус гэдэс дотрыг бид адгуусан чоно нохой ба хэрээ шаазгай тэргүүтэн зоргоор идэх магад тул хүн адгуусан хоёр цогц биеийг ээлжээр идэлцсэн мэт болох тэр цагт биднийг алуулж махыг нь цадтал идээд жаргаж хэвтсэний ач тусыг бодох хэрэгтэй хэмээн мэдүүлсэн мэт болой.
Бус бас өөрөө эс үйлдээд эс алуулбаас амь таслахын бодит үйлийг үл хураах боловч амь тасалснаас болсон мах идсэн өр төлөөсөн сэтгэшгүй буйгийн тулд худалдааны мах идэж байнам хэмээн эрэмшихийн орон бусыг мэдэж Бурханы номлосон гор арилгахын аргад өөрийн чадал хүчин хэр бүхүй бээр хичээх зохистой. Энэ мэтийн ёсоор өгүүлбээс зарим хүний оюунд тустай болох болов уу хэмээн алагч алагдахуун хоёрыг хэлэлцүүлэхийн ёсоор бичсэн энэ болбоос Бурханы хир үгүй сайн зарлигийг гэрч болгож бичсэнээс өөр, бусдын гэмийг уудлах санал огт үгүйн тул заримуудын санааны өнцөгт тусах болбоос эргэцүүлэн бодож айлдах буюу. Зэмлэн донгодохыг тааллаар болтугай. Та нарыг хочлох санаагаар бичсэн мөн бусыг номын сахиулсан айлд.
Бас Заан хүчитийн судар хийгээд Их үүлний судар ба Ланкад ажирсан хийгээд Хуруун эрхтийн судар тэргүүтэн их хөлгөний голоос мах идэхийг зүйл бүгдэд хаасан бөгөөс бээр, Ширвааны хөлгөний голоос гурван зүйл арилсан мах идэхийг соёрхсон ажуу. Бадрангуй онолтоос өөрийн тулд амьтныг алахыг өөрөө үзсэн үгүй, сонссон үгүй, сэжиглэсэн ч үгүй нь хилэнцэт сэтгэлээс ангижирсан мөний тул өвчин тэргүүтнийг амирлуулахын тусад тэр мэтийн махыг идэвч хилэнц болох хэмээх үл сэтгэгдэхүй хэмээн номлосны тул, мах идсэн бөгөөс амьтныг алсан, эс алсан ялгал үгүй хэмээн өгүүлэгч тэнэгүүд дуун үгүй сууваас өөр бусдад тустай хэмээн Жавзандамбын хүрээний хамба ламын зохиосон «Идээний ёсыг тодруулагч толь» хэмээх нэгэн тойн лугаа ямаа, хонь, үхэр гурвыг хэлэлцүүлэхийн ёсоор номлосон шастираас голын утгыг ихэвчлэн аваад мэдэхүйе
ХАМБА НОМУН ХАН АГВААНХАЙДАВ
ЗочинSeptember 19, 2012
Өнөөгийн эхнэртэй лам нар өөрсдийгөө өмгөөлөх гэж энэ мэт олон худал шалтгааныг тоочиж ард түмнийг мунхруулдаг байх. Сайн хажуугаар саар гэгчээр ариун зөв явдалтай лам нарын хажуугаар лам бус муу ламанцарууд их олон болж дэ Монголд. Тэдний хүмүүсийн итгэл найдварыг ашиглаж олсон мөнгө нь хожим нь том муу үйлийн үрийн шалтгааныг тарьж байна да гэж хөөрхий.
ЗочинSeptember 19, 2012
тойн дүрт заримууд гээд байх юмгүй бүгдээрээ дүр эсгэгчид.
ЗочинSeptember 19, 2012
хоёр эхнэртэй байтугай эр эмийн үүл борооны явдлын тухай бодох бодлоо ч дуусгасан гэлэн гэдэг атал яг л энэ л үеэс шахам эр эмийн ажлыг хамтарч хийх номтой гэж худлаа ярьдаг шдээ. Нууцаар айлдсан зүйлгүй бүх НОМ ил номлогдсон, сонссноо амаас аманд дамжуулж байгаад хожим тэмдэглэгдсэн гээд байхад. Гүн нарийн тарнийн нууцын ёс гэж ирээд панаалдаад л. Яг л энэ нууцын халгавчийн араар хамаг муу муухайг үйлдээд л. Бодьсадвын үест хулгай хийж болдог ч гэх шиг. Өөр юу юу ч билээ. Ер нь НОМ аймар гуйвсан гэж боддог.
ЗочинMay 17, 2013
buh lam nar yaj tiim baih bilee tegj helbel mushgilt, ehner avah nugel gej uu?
ЗочинMay 17, 2013
buh lam nar yaj tiim baih bilee tegj helbel mushgilt, ehner avah nugel gej uu?
ЗочинMay 17, 2013
Сахилаа алдах нүгэл юм чинь эхнэр авах нь нүгэл л болж таарч байна.
ЗочинJuly 1, 2013
эхнэр авж болдог боддгүй сахил гэж сахилыг 2 хувааж болно.
ЗочинJuly 2, 2013
Лам хүнд эхнэр авж болдог, болдоггүй гэсэн 2 төрлийн сахил байдаггүй. Бүү худал цуур. Энэ бол энхэртэй ламанцаруудын өөрсдийгөө өмгөөлөн гаргасан дүрэм. Лам хүн эхнэртэй байх ёсгүй. Далай багшийн хийд орны ёс цааз гэдэг номыг унш.
ЗочинJuly 2, 2013
Ариун гэгээн лам нар чинь яагаад ариун гэгдсэн билээ дээ? Боожгойг нь шалгаж үзээд юу яасан байвал бүгдийг сүмээс хөөх хэрэгтэй.
Дээр нь 22 жил ном үзэж байж сая хүмүүнд ном тайлбарлах эрхтэй болдог байтал нэг муу бацаан биеээ даавуугаар ороогоод Бурханы сургаалийг нэг өвгөнд тайлбарлах унших гэж байж болох уу? Бичиг үсэггүй хүн олширсон биш дээ. Нүд нь юм үзэхгүй гээд уншиж өгөөд байдаг юм болов уу? Настны амьдарлыг заслаар засварласан гэж бол ярихгүй шүү дээ, тийм юм бол байхгүй.
ЗочинAugust 30, 2013
5 шад ном хэлсэн ч багшаа гэж бодож бай гэдэг. Та хэрэв түүнээс мэдэхгүйгээ мэдэж авч байвал цаадах илүү байна гэсэн үг биз. Авгайг чинь аваад суучаагүй бол хамаа юу байхав дээ зүхэхийн оронд сахилаа сахиасай гэж залбирвал барав