Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Монголд цагийн хүрдний номлол дэлгэрсэн түүхээс

Монголд цагийн хүрдний номлол дэлгэрсэн түүхээс
Монголд цагийн хүрдний номлол сургаалыг дэлгэрүүлж дацан сургуулийг үүсгэн байгуулахад голлон зүтгэсэн лам нь Монголын IV Богд Жэвзүндамба Лувсантүвдэнванчүгжигмэджамц юм. Бурханы шашин ирээдүйд мандан дэлгэрч ялангуяа нийт Монголчуудад дэлгэрүүлэх зорилгоор Цаст Төвдийн орныг зорьж Лхасад Далай лам, Банчэн Богд нарт айлтгаж соёрхлыг олсон байна. IV Богд 1804 онд Лхасад байхдаа Далай ламын засгийн газраар дамжуулж Богд өөрийн сангаас зардал хэрэгсэл зүйлийг гаргаж Өмнөд Төвдийн Лхоха гэдэг газраас алдарт эрдэмтэн лам Лхоха жалсрай Галсантүвдэнванчүгжигмэд дамбийжанцанг Лхасад урин залж ирүүлж Дүйнхорын авшигийг бүрэн дүүрэн хүртэж авсан байна. IV Богд Төвдийн Дашлхүнбэ хийдэд байхдаа Банчэн Богдод айлтгаад Монголд Дүйнхор дацан байгуулахаар шийдэж Монголын арав гаруй лам нарт Дүйнхорын уншлагыг бүрэн цээжлүүлсэн байна. Мөн Монголын хоёр гэлэнг Дүйнхорын уншлага бүрэн цээжлүүлж Банчэн Богд, Далай лам нарт жүг өргүүлж байжээ. Банчэн Богдын дэргэдэх Дүйнхор дацангийн шавь нараас Дүйнхорын зан үйлийг Монголын лам нарт зааж өгөх хэрэгтэйг айлдан Банчэн Богдын зарлигаар Гачэн Ишчоймбэл хэмээх ламыг Монголд томилсон байна. IV Богд хүрээнд буцаж ирээд 1805 онд Их Хүрээнд Дүйнхорын уншлага, Сагар, Чогарыг дэглэн байгуулжээ. 1806 онд гурван давхар Дүйнхор дацангийн дуганыг шинээр байгуулж Дүйнхор дацанд Дэчэнгалавагүндчээвийповрон хэмээх нэр хайрласан байна. Мөн энэ онд Дүйнхорын аймгийн шавь нараар Сагар эхлэн байгуулж дүйнхорын бүрэн уншлагыг гуч гаруй лам нараар бүтээлгэн Төвдийн Гачэн Лувсаншэйрэв, гавж Ишдондүв хоёрыг Цагийн хүрдний номлолын цогламд босгож байжээ. Дүйнхорын дүлцон жинхорыг бүрэн гүйцэт бүтээгээд дүлцонгийнхаа шороог Туулд залж байсан байна. Дүйнхор дацангийн дуганыг барих ажлыг Эрдэнэ шанзав Дамчойравжай биечлэн удирдан дуган барих газар Дашсожин, Ганжуур ном хуруулж байжээ. Сайн ноён хан Пунцагдаш тэргүүтэн зарим ноёд Дүйнхор дацанг байгуулах ажилд өглөгийн эзэд болж байв. Дүйнхор дацан шэнээр барьсны баяр ёслолд IV Богд, Ёнзин хамба Лувсангэндэн, Хамба номун хан Жанчивдорж, Ялгуусан номун хан Ринчэндорж, Эрдэнэ шанзав Дамчойравжай , Да лам Лувсанжимба, Да лам Цэцэн тойн Гомбожав, Цогчэн дөрвөн гэсгүй зэрэг ихэс лам нарын зэрэгцээ зуу гаруй лам нар оролцож Богдын сангаас хэрэглэл зүйлийг гарган зарим урчуудыг шагнасан байна. Цэцэн тойн Да лам Гомбожавыг Дүйнхорын гэсгүй, Чандмань сойвон Ядамжавыг Дүйнхорын унзад болгожээ. IV Богд 1807 оны Цагаан сарын шинийн нэгний ёслолыг Дэчэнгалавын дуганд ёслон өнгөрүүлжээ. Үүнээс хойш Их Хүрээний Дүйнхор дацан нь Богдын ордонд хамаарагдах болсон юм. IV Богдоос хойш удаа дараагийн Богдууд энэ дацанд морилон саатдаг байжээ. VIII Богд Жэвзүндамба Дүйнхор дацанд удаа дараалан морилон дацангийн дэг журам лам нарын ном эрдмийг дээш нь татаж хөгжүүлсэн байна. Их Хүрээнд Дүйнхор дацан байгуулагдсанаас хойш Монголын хөдөө орон нутгийн олон сүм хийдүүдэд Дүйнхор дацан буй болсон юм. Ингэж Дүйнхорын номлол өргөжин дэлгэрэхийн сахуу тухайн чиглэлийн эрдэм ухааныг төгс эзэмшсэн олон эрдэмтэй лам нар гарч Дүйнхорын авшигийг сүсэгтэн олонд тавьдаг уламжлалтай болсон. XX зууны эхээр Бизъяагийн их ламтан Дамдинсүрэн гавж, хошууч бэйсийн хошууны Лашин хувилгаан Агваанпэрэнлэйжамц, Зава Дамдин гавж, угалзын лам Лувсанжамц агримба, Боржигоны Зүүн Чойрын дэмч лам Хайнзиншонуу зэрэг эрдэмтэн лам нар олон шавь нарт Дүйнхорын авшиг хүртээж байсан юм. 1938 оноос хойш Монголд Дүйнхорын авшиг тавих уламжлалт ёс хоригдож үгүй болсон. Сүүлийн үед шашин номын үйл дахин сэргэж XIV Далай лам Монголд заларч Гандан дээрх Дүйнхорын дуганд олон нийтэд Дүйнхорын авшигийг түгээн хайрласан нь Монголын шашин номын түүхэнд тэмдэглэлт сайхан зүйл болсны зэрэгцээ Төвд, Монголын ном соёлын харилцааны түүхэнд ч мартагдашгүй ажил болсон байна.

    Бусад мэдээлэл
    2012-02-19